Орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2023.08.04/ боллоо. Энэ үеэр Гавьяат холбоочин, Холбооны зургаа дахь сайд асан, Хөдөлмөрийн баатар Д.Готов баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Монголын холбоочид 1967 оноос эхлээд сүүлийн 60 шахам жил холбоочдын өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна. Ийм сайхан уламжлалтай. Өнөөдөр ЦХХХЯ-ны удирдлага болон нийт ахмад болоод залуу үеийн холбоочид хамтран ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар тэмдэглэж байгаад баяртай байна.
Миний нэг ярьдаг зүйл бол монгол орныг бүхэлд нь интернет мэдээллийн холбооны сүлжээгээр хангачих юмсан, хүргэчих юмсан гэх бодол байлаа. Гэхдээ энэ бол ганцхан миний ч биш холбоочдын, басхүү монголын ард түмний мөрөөдөл байсан.
Сансарын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөх тухай францын талтай идэвхтэй хэлэлцээр хийснээ төрийн түшээд мэдэгдсэн.
Эхлүүлсэн ажлаа хурдасгаж, хөдөөгийнхөө ард иргэдийг цахим сүлжээгээр бүрэн хангаж чадах юм бол Монгол улсад “Цахим Монгол” болох бүрэн боломж нээгдэж байна.
Цахим хөгжил бол зоосны хоёр тал шиг зүйл. Нэг талд нь цахим сүлжээ, нөгөө талд нь байгууллагыг цахимжуулах асуудал юм. Тиймээс цахим сүлжээ бол зөвхөн шилэн кабелиар шийдэгддэг асуудал биш ээ. Манай орон бол асар уудам газар нутагтай. Бахархаж байх хэрэгтэй. Хүн ам сийрэг тул сансарын холбооны сүлжээгээр хангана гэдэг бол гол асуудал байсан. Үүнийг шийдэх гэж байгаад ахмад холбоочид бид туйлын баяртай байна” гэв.
М.Дэвээжаргал