Хан-уул дүүрэг 21-р хорооны нутаг дэвсгэрт бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан тухай дуудлага мэдээллийн дагуу Аврах ангийн алба хаагчид тус газар очсон байна.
Тодруулбал, шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсэж, хоёр иргэн шороонд дарагдсан байжээ.
Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж нэг иргэнийг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад, дарагдаж нас барсан иргэнийг гаргаж холбогдох байгууллагад хандсан байна.
Аж ахуйн нэгж байгууллага, иргэд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.