
Учир нь Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан Интерпол руу захиа бичсэнийхээ төлөө АТГ-т эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдаж байгаа юм. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа билээ.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан нь Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлахаа зогсоож өгөөч гэсэн утгатай албан бичиг явуулсан юм. Уг хүсэлтийг дэд сайд гаргах ёсгүй тул Интерполын нарийн бичгийн даргын газраас энэ хэргийг лавлахаар Хууль зүйн яамд захидал илгээсэн нь түүнийг “барьж” өгсөн билээ.
Мөн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлт тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирсэн. Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг эргэж харахаар болсоноо ч мэдэгдсэн юм. Тиймээс Э.Эрдэнэжамъяангийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн АТГ-аас шалгаж байгаа юм.
Зөвхөн АТГ-т шалгагдаад зогсохгүй, түүнийг дэд сайдын албан тушаалаас нь огцруулна хэмээн АН-ынхан дотроо ярилцаад байсан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнийг огцруулахгүй байхыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан зэрэг хүмүүст даалгасан хэмээн эх сурвалж мэдээлж байсан билээ. Тэгэхээр энэ бүгдээс шалтгаалан МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүд Интерполд захиа явуулахаар тохиролцоод байсан юм. Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр, тэд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарын үсгээ зуран, Интерпол руу захиа явуулсан байна.
Уг нь захиагаа УИХ-ын дэд дарга Л.Цогоор эхлээд, Шадар сайд Д.Тэрбишдагва, Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга гэхчилэн үргэлжлүүлэн явуулна гэж байсан ч бүгд гарын үсгээ зуран явуулжээ.
Э.Эрдэнэжамъяан Интерполд захиа явуулсныхаа төлөө АТГ-т шалгагдаж байгаа. Тэгэхээр АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын бүрэн эрхийг ч мөн түтгэлзүүлж байгаад шалгах болов уу?
Юутай ч Интерполд захиа явуулсан нь МАХН-аас Засгийн газарт орсон гишүүд Н.Энхбаярын төлөөх тэмцлээ зогсоохгүйг харуулаад авлаа.
Б.Золбоо
Сэтгэгдэл (34)