Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Шүүгдэгч З.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргажээ. Шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулан, гуравдугаар сарын 7-ны өдрийн 13:30 цагт дахин товлолоо.
Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж, хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хүргүүлээд буй юм.