Буруутай байсан ч эх орон нь иргэдээ хамгаалах ёстой-

Тодруулбал, БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан хэсэг оюутнуудын төлөө. Мөрөөдөж, хүссээр БНСУ-ыг зорьсон Монголчуудын эрх өдрөөс өдөрт зөрчигдөж байна. Тус улсын Цагаачлалын албанд аавынхаа алтан амийг эрсдэснийг мэдэлгүй уулзах мөчөө мөрөөдөн суугаа бяцхан хүүгийн бодол цагаанаас цагаан байхад ахиад л тус албатай холбоотойгоор Монгол залуусын эрх зөрчигдөж сэтгэл нь харлажээ.
Хэрэг явдлыг тодруулбал, БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан оюутнуудыг хуурамч диплом ашигласан гэж Сөүлийн Цагаачлалын албаныхан цагдан хорьсон байна. Тус сургуульд албан бус мэдээллээр 230 гаруй Монгол оюутан суралцдаг аж. Харин Цагаачлалын албанаас тус сургуульд урьдчилан бичиг баримтын шалгалт явуулсан байна. Тэгэхдээ өнгөрөгч сарын 8-ны өдөр гадаад оюутны сургалт зохион байгуулах нэрийдлээр Монгол оюутнуудыг цуглуулжээ. Харин сургалт гэх нэрэнд хууртаж ирсэн оюутнуудаас нэр цохон дуудаж 11 оюутанг Цагаачлалын албаны байр руу авч явжээ. Эднээс нэг оюутны дипломыг шалгаж үзээд зөрчилгүй хэмээн явуулсан бол мөн нэгийг нь төрөх дөхсөн учраас тус албанаас явуулжээ. Харин үлдсэн есөн оюутны ар гэрийхэнд тэднийг “Хэлний бэлтгэлд сурч байгаад магистрантурт дэвшихдээ бакалаврын диплом байгаагүй. Хуурамч диплом Монголоос авч ирээд Солонгосын дээд сургуульд элссэн байна. Уг үндэслэлээр тэднийг шалгаж байгаа” гэсэн хариуг өгчээ. Харин оюутнууд гэр бүлийнхэндээ “Биднийг дарамт шахалтаар хуурамч диплом хэрэглэж байгаа гэж хэлүүлэхийг оролдсон.” гэж хэлжээ.
Хэдийгээр хуурамч диплом байсан ч гэсэн тус улсад Монгол хүний эрхийн төлө тэмцэх ёстой улсын “итгэмжлэгдсэн” гэх төлөөлөл байгууллага бий. Түүнийг нь ЭСЯ гэдэг. Гэсэн ч цагдан хорьсон , одоогоор яг тас хуурамч гэдгийг нь тогтоогоогүй байхад хүний эрхэнд бүдүүлгээр халдаж Монгол хүний үнэ цэнийг юман чинээ тоохгүй байхад ГХЯ албан бичиг хүргүүлсэн гээд сууж байна.
Бид уг хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар тус яамнаас тодруулсан ч дээрх хариуг өгсөн юм. Тэдний албан хүсэлт “төгсөх курсын оюутнууд учраас сургуулийг нь төгсгөж өгнө үү” гэсэн утгыг агуулж байгаа гэнэ. Гэвч тус улсад суугаа Монголын ЭСЯ-д мэдэгдэлгүй цагдан хорьж, хуурамч дипломтой гэдгийг нь тогтоох гээд улайрч байгаа Цагаачлалын алба “тааллаар болог” гэсэн шидийн үг унагахгүй л болов уу. Ер нь БНСУ-д суугаа Монголын ЭСЯ өөрийн улсын иргэнтэй холбоотой мэдээллийг хамгийн сүүлд сонсдог нь их хачин юм шүү.
Хамгийн сүүлийн мэдээгээр есөн оюутнаас тавыг нь Хвасан хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт хүргэсэн байна. Энэ нь тэднийг Монгол руу буцааж байгаа гэсэн үг юм. Гурваас дөрвөн жил суралцаж, чамгүй их зардал гаргасан Монгол залуус ийнхүү нутаг руугаа хөөгдөж байгаа нь харамсалтай. Харин Хвасан дахь саатуулах газар тэдэнд нөмрөх байтугай дэвсэх гудас өөгөөгүй гэж эх сурвалж өгүүлсэн байна. Бид энэ талаар мөн л ГХЯ-наас тодруулсан гэвч “ийм мэдээлэл ирээгүй байна” гэсэн. Тэгэхээр хэн мэдээллэх ёстой вэ.
Гав гинжиндээ хүлэгдэж, газарт хүйтэн шалан дээр мөрөөдлөө дэвсэн суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах ёстой вэ. Хорьж цагдаж буй гадныхан хүнээ хурдан буцаа гэхээс, хөнжил гудас гээд элчин рүү утасдахгүй нь лавтай. Угтаа бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж түр хугацаанд хоригдож байх хугацаанд нь хяналт тавьж байх ёстой байгууллага нь ЭСЯ болон ГХЯ байх учиртай.
Гэсэн ч ажлаа хийлгүй мөрөөдсөөр суудаг гэдэг нь Монгол хүн БНСУ-ын төрийн байгуулагат нас барчихаад байхад одоог хүртэл хариуцлага үүрэх хүн олдохгүй байгаагаас илт харагдсан. Одоо ч гэсэн оюутнууд хэрхэх нь шийдэгдэлгүй хоригдсоор л байна. Мөн энэ хэрэгт холбоотойгоор хуурамч диплом үйлдэж, сургуульд зуучилсан гэх Монгол иргэний нэр холбогдсон. Одоогоор түүний нэр баталгаатай бус ч нэгээс хоёр сая вонноор хуурамч диплом худалдаж, 300-500 мянган вонноор сургуульд зуучилдаг аж.
Олон жилийн сургалтын төлбөр, бага сагахан чөлөөт цагаараа айж ичин цагын ажил хийж өөрөө өөрсдийгөө болгодог байсан залуус “Монголд очоод” гэх мөрөөдлөө үгүй хийгээд л ирэх нь дээ. Уг нь Монголын ЭСЯ иргэдийнхээ төлөө мөрөөдөн хүсдэг, түүнийгээ ажил хэрэг болгож, Монгол хүнийхээ төлөө санаа зовдог гэдгийг мэдрүүлж байсан бол бэлгэ тэмдэг төдий ЭСЯ-дууд ядаж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах байсан юм. Та бүгдийг мөрөөдөгч хийж суух зуур БНСУ-д Монгол хүн үнэхээр үнэ цэнээ алджээ дарга нар аа.
Б.Ширнэн
Сэтгэгдэл (1)