
Ерөнхийлөгч Элчин сайд Махеш Кумар Мэскийг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан хүлээн авч уулзав. Түүх, соёл, шашны олон шижмээр холбогдсон хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлээд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэг гол зорилт болохыг тэмдэглэж, энэ хүрээнд Балба Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэйгээ хэлэв.
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа харилцан ашигтай салбарт хөгжүүлэх үүднээс дээд өндөр хэмжээнд харилцан айлчлах, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулахыг санал болгоод балбын ард түмэн ардчиллыг бэхжүүлэх үйлсэд амжилт гаргаж байгаад Ерөнхийлөгч баяр хүргэлээ. Мөн ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатарт болох Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийн сайд нарын бага хуралд Балба улсаас өндөр хэмжээний төлөөлөгч илгээн оролцуулахыг хүслээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Элчин сайдад амжилт хүсч, ажилд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.