Алдарт эрдэмтэн Альберт Эйнштэйн хэзээ нэгэн цагт түүний гаргасан теорем, онолуудыг хип хоп дуунд ашиглана гэж төсөөлж байгаагүй байх. Тэгвэл АНУ-ын Нью-Иорк хотын ахлах, дунд сургуулиудад хип хоп дууны раймаар дамжуулан сурагчдад хэцүү онолын хичээлийг заах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. АНУ, Латин Америк орны хүүхдүүдэд физик, хими зэрэг шинжлэх ухааны хичээл заахад хамгийн хүнд байдаг аж. Тиймээс Колумбын их сургууийн профессор Кристофер Эмдин Нью-Иорк хотын ахлах, дунд сургуулиудад физик, хими, математекийн хичээлийн онолуудыг хип хоп дууны раймд оруулахаар бэлдэж байна. Тэрбээр "Нью-Иорк зэрэг хотуудад хип хоп дуу, хөгжим хүмүүсийн амьдралын нэг хэсэг болсон байдаг. Тиймээс хип хоп дууны раймаар дамжуулж сурагчдад юуг ч ойлгуулж, цээжлүүлэх боломжтой. Ялангуяа шинжлэх ухааны онолуудын хувьд илүү үр дүнтэй юм" гэжээ.
Энэ төсөлд АНУ-ын алдарт "Wu-Tang Clan" реп хамтлаг болон "Rap Genius" нэртэй хип хоп дууны веб сайт хамтран ажиллах юм байна. Уг хөтөлбөр 2013 оны нэгдүгээр сараас тус хотын 10 сургуульд хэрэгжиж эхлэх аж. Профессор Эмдин энэ хичээлийн шинэ аргаа зарим сурагчдад туршиж эхэлсэн бөгөөд хэзээ нэгэн цагт энэ "хип хоп" хөтөлбөрийг дэлхий даяар ашиглана гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.
Т.Гэрэл