

Египтийн хамгийн анхны ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси албан тушаалаа авснаас таван сарын дараа Израйль болон Палестины эрх баригчдыг энхийн хэлэлцээ байгуулахад зуучлагч болсон юм. Харин энэ явдлаас долоохон хоногийн дараа тэрбээр хэмжээлшгүй эрхт хаан шиг эрх мэдэлтэй болохыг хүссэн юм.

Египтийн 34 шүүх танхмийн 27 нь, нийт прокуроруудын 90 хувь нь ажил хаясан байна.
“Энэ бол шүүх систем рүү дайрсан хамгийн хэрцгий, урьд өмнө гарч байгаагүй хэрэг боллоо. Бидэнд ажил хаяхаас өөр сонголт алга” хэмээн нэгэн шүүгч “CNN”-д ярьжээ.
Өчигдөр Мухаммед Мурси Египтийн Дээд шүүхийн зөвлөлийн гишүүдтэй зарлигийнхаа талаар уулзсан байна. Зөвлөлийн гишүүд түүнийг дэмжих хандлагатай байсан ч уулзалтынхаа дараа ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байгаагаа мэдээлжээ.
Тахрирын талбайд цугласан босогчид “Египтийн бүх ард түмэн Мурсигийн мэдэгдлийг эсэргүүцэж байна” хэмээн хашгирч байжээ.
Д.Идэр













