Тавантолгой түлш ХХК 226.2 тэрбумын тендер зарласан байна. Тодруулбал, "Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш" авахад 226,287,000,000 (Хоёр зуун хорин зургаан тэрбум хоёр зуун наян долоон сая) төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Санхүүжилтийн эх үүсвэр нь "өөрийн хөрөнгө" гэсэн байна.

Тендерт оролцогчдод дараах шаардлагыг тавьж байгаа аж.
- Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 он тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100%-иас багагүй дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байна.
- 2022, 2023, 2024 он тус бүр 600,000 (зургаан зуун мянга) тонноос багагүй ижил төстэй бараа үйлдвэрлэж нийлүүлсэн байна.
- Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын дунджаар 150,000 (нэг зуун тавин мянга) тонноос багагүй ижил төстэй барааг экспортолсон байна.
- Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага гэдэгт шахмал түлш буюу хагас коксон нүүрсийг үйлдвэрлэн борлуулсныг ойлгоно.
- Ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, бараа хүлээлцсэн акт, гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ
Тендерийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нээхээр тусгасан байна.