Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно. Иймд өнөөдөр ОХУ-ыг зорих юм.
Ялалтын баярыг жил бүр тэмдэглэх болсон нь нэлээд сүүлийн үеийн үйл явдал аж. Үндсэндээ 20 жилийн турш тавдугаар сарын 9-нийг Ялалтын баярын өдөр хэмээн албан ёсоор тэмдэглээгүй бөгөөд улс орны удирдлага 1948 онд “дайны тухай сэдвийг мартаж, улс орноо сэргээн босгоход илүү анхаарагтун” гэсэн шийдвэр гаргаж байжээ. Харин 1965 онд тавдугаар сарын 9-нийг тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев албан ёсоор Ялалтын баярын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар өнөөг хүртэл жил бүр тэмдэглэж байгаа юм.
Ялалтын баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, санал солилцох юм.
Нэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Хоёр. Ерөнхийлөгч тавдугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө.
Гурав. Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзана.
Дөрөв. Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.