Ой, хээрийн болон түймрийн нөхцөл байдал, эрсдэл болоод Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 59 сум, нийслэлийн 3 дүүрэгт, нийт 98 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.7 хувь өссөн дүнтэй байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65,768 га, хээрийн 565,569 га талбай, нийт 631,337 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин өнөөдөр 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн 5 суманд гарсан 7 ой, хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 288 алба хаагч, 12 автомашин, орон нутгийн мэргэжлийн анги, Байгалийн тусгай хамгаалалттай газрын 151 хүн, 30 автомашинтай, 17 морьтой нийт 439 хүн, 42 автомашин, 17 морьтой ажиллаж байна.
Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Буурлын даваа” гэдэг энэ сарын 26-нд газар гарсан ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Баруун голын даваа” гэдэг газар 27-нд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, бусад 5 түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна.
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгон зарласан энэ өдөр маргааш буюу тавдугаар сарын 28-нд тохиож байна. Тус өдрийн хүрээнд иргэн, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан “Хяналтын хуудас”-ыг nema.gov.mn сайтад байршуулсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй.
Тиймээс иргэн бүр өөрийн болоод ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхэд 2-3 минутыг зарцуулж, үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, ирээдүйдээ хөрөнгө оруулахыг уриалж байна.
Олон нийтэд зориулсан “Хяналтын хуудас” дэд системийг 2025 оны нэгдүгээр сарын 28-нд анх танилцуулсан бөгөөд өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 6018 байгууллага, 10684 өрх, 14146 иргэн буюу нийт 30.848 хүн хандаж, мэдлэгээ шалгаснаас Баянхонгор, Орхон, Завхан аймаг хамгийн өндөр хандалттай нь байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.