Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг хэрэгжүүлж буй. Аяны хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх, дадлагажуулах, ажлын байранд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг дөрөвдүгээр сараас эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн менежер Т.Батзаяа “Нийслэлийн төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд 2023 онд 384, 2024 онд 525 сул орон тоог нөхсөн байна. Шинэ албан хаагчдад ажлын байранд асуудлууд тулгардаг. Тухайн үүсдэг асуудлуудыг тодорхойлж, хэрэгцээ шаардлагыг ханган албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, дадлагажуулах нь төрийн үйлчилгээний чанар, үр ашиг, үнэ цэнийг бий болгодог. Иймд бид танхим болон танхимын бус сургалтын аргаар шинэ томилогдсон албан хаагчдаа чиглүүлэн ажлын байранд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөн чиглүүлэх арга зүйг байгууллага бүр үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, албан хаагчдаа идэвхтэй хамруулж, ур чадварыг нь нэмэгдүүлэх замаар төрийн бүтээмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулахыг хүсье” гэлээ.
“Зөвлөн чиглүүлэх” менторшип хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил илүү олон албан хаагчийг хамруулах зорилгоор байгууллага тус бүр дотроо уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн үр дүнг нэгтгэн тодорхойлж, шилдэг байгууллагыг шалгаруулдаг. Энэ удаагийн хөтөлбөрт 16 байгууллагын 80 орчим албан хаагч хамрагдсан байна.