МУ-ын Тэргүүн шадар сайд Н.Учралын шийдвэрээр өнөөдрөөс Гаалийн ерөнхий газарт Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 14 хоногийн хугацаатай хяналт шалгалт эхлүүллээ. Хяналтад Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лаборатори, шаардлагатай бусад субъект хамрагдах бөгөөд "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын зохицуулалтад шинжилгээ хийх, нүүрснээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, зарим хилийн боомтууд дээрх ухаалаг гарцын байгууламж, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг шалгалтууд өрнөх юм. Тус шалгалтын дүгнэлтийг МУ-ын Тэргүүн шадар сайдад танилцуулж холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Энэхүү шалгалтын үр дүнд гааль, хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой иргэд, бизнес эрхлэгчдэд тулгардаг хүнд суртал, давхардал, чирэгдэл, цаг хугацааны болон эдийн засгийн хохирол буурах ёстой. Мөн хүнээс шалтгаалсан хүнд сурталд хуулийн дагуу хариуцлага тооцох, тогтолцоонд буй асуудлыг хамтран сайжруулах зорилгоор уг шалгалтыг зохион байгуулж байгааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг онцоллоо.