“Абу Робокон 2025” тэмцээнд Монголын залуус амжилттай оролцон гутгаар байр эзэлсэн билээ. Иймд тус багийн оролцогч Д.Буянжаргалтай ярилцлаа. Тэрбээр ШУТИС-ийн төгсөх курсийн оюутан бөгөөд хичээл, дадлага, тэмцээнээ зохицуулан, ирээдүйд технологийн салбартаа хувь нэмэр оруулах мөрөөдөлтэй нэгэн юм.
“Бидний тууштай байдал олон улсын хэмжээнд өрсөлдөх боломж олгосон”
-Сайн байна уу ? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
-Сайн байцгаана уу? Намайг Даваахүүгийн Буянжаргал гэдэг. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Робот ба хиймэл оюун ухааны ангийн төгсөх курсийн оюутан. Өмнөговиос ирж сурч байгаа жирийн нэг оюутан байна.
-Ярилцлагаа таны өнгөрсөн сард болж өнгөрсөн “Абу Робокон 2025” тэмцээнээс эхэлье. Тус тэмцээний бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ?
-Энэ тэмцээндээ 2024 оны есдүгээр сарын 5-наас хойш бэлдэж эхэлсэн. Үнэхээр тасралтгүй бэлтгэл хийсэн дээ. Энэ хугацаанд санхүүгийн болон ур чадварын маш олон асуудал тулгарсан ч тэр бүхнээ давж гарах нь их сайхан байлаа. Манай багийн тууштай, дуулгавартай байдал биднийг олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боломж олгосон гэж боддог.
-Тэмцээнээс сурсан хамгийн чухал зүйл юу байсан бэ?
-Тэмцээнд оролцсоноор мэргэжлийн ур чадвар маань үнэхээр их дээшилсэн.
Робот бүтээх гэдэг нь зөвхөн мэдлэг биш юм байна гэдгийг ойлгосон. Багийн ажиллагаа, сахилга бат, хамтын шийдвэр гаргалт гэдэг бол амжилтын гол түлхүүр.
Энэ тэмцээнээс сурсан зүйлс минь зөвхөн өнөөдөрт биш, ирээдүйн карьерт минь хамгийн хэрэгтэй ур чадварууд гэж бодож байна.
-Энэ удаагийн тэмцээний онцлог нь юу байсан бэ?
-Тус тэмцээн Монгол улсад болж өнгөрсөн нь өөрөө маш онцлог байсан. Өөрийнхөө нутагт өрсөлдөнө гэдэг өөрөө маш том давуу тал. “Гэртээ байгаа хүн айдаггүй юм” гэдэг шүү дээ. Маш олон хүн биднийг дэмжсэн. Багш нар маань ч ихээр урамшуулж, бүх талаар тусалсан нь бидний амжилтад шууд нөлөөлсөн гэж хэлж болно.
-Та сургалтын тэтгэлэгтэй суралцаж байгаа гэсэн. Энэ талаараа хуваалцахгүй юу?
-Би “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн тэтгэлэгтэй суралцаж байгаа. Энэ тэтгэлэг зөвхөн хичээлдээ анхаарахаас гадна гэр бүлийн минь ачааллыг багасгасан маш том дэмжлэг. Би дүнгийн голчоо бариад л байвал тэтгэлэг минь байгаад л байна. Манай нутагт олон төрлийн тэтгэлэг зарлагддаг нь бидэнд маш том боломж болж өгдөг. Мөн эргээд нутагтаа хоёр жил ажиллах гэрээ хийдэг. Би одоо дадлага хийх газраа үргэлжлүүлээд ажиллана гэж бодож байгаа.
-Одоо ямар газар дадлага хийж байгаа вэ?
-Би Оюутолгойн баяжуулах үйлдвэрт дадлага хийж байна. Тэнд ажиллах явцад том төсөл, бодит ажлын зохион байгуулалт ямар байдгийг мэдэрч байна. Уурхайн ажлын хуваарь, зохион байгуулалт маш нарийн, сайн төлөвлөгдсөн байдаг нь надад таалагддаг. Тэндээс өдөр болгон л нэг зүйлийг шинээр сураад гардаг.
-Ямар чиглэл танд хамгийн их сонирхолтой санагдсан бэ?
-Оюу толгой хүнд даацын машинуудаа цахилгаан мотортой болгож, алсаас удирдах төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ нь миний мэргэжилтэй шууд холбоотой, ирээдүйд ажиллах чиглэлээ ч тодорхойлоход нөлөөлсөн. Би энэ чиглэлд мэргэжин ажиллавал өөрөө ч хөгжөөд зогсохгүй, Монголын инженерийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэж бодож байна.
-Таныг сургалтын төвд багшлах гэж байгаа талаар бас сонссон. Яагаад багшлах болсон бэ?
-Би саяхан Tee Education сургалтын төвд багшлах эрхээ авсан. Миний хувьд хойч үеэ биднээс илүү хөгжүүлэх, илүү мэдлэгтэй, чадвартай болгох нь хамгийн чухал. Тиймээс мэддэг бүхнээ хуваалцаж, дараагийн үеийн залуусыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Энэ хүслээ гүйцэлдүүлэх гэж уг шийдвэрт хүрсэн.
-ШУТИС-д суралцах, Оюу толгойд дадлага хийх, сургалтын төвд багшлах гээд энэ олон ажлыг хэрхэн яаж амжуулдаг вэ?
-Миний хувьд цагийн менежмент гэдэг маш чухал. Долоо хоногт юу хийх, өдөрт юу хийх, хэдэн цагт юуг дуусгачихсан байх гээд бүгдийг л төлөвлөдөг. Найзуудтайгаа өнгөрөөх цагаа хүртэл тооцоолдог. Хоёрдугаарт тууштай байдал минь энэ хүртэл авчирсан байх.
Би нэг газраа зогсохыг хүсдэггүй. Үргэлж дээшилж дэвшиж байхыг эрэлхийлдэг. Энэ минь нөлөөлсөн байх. Мөн ар гэрийн дэмжлэг маш чухал.
Намайг энэ зэрэгтээ, миний хүссэн зүйлийг минь хорьж цагдахгүйгээр хийлгэдэг гэрийнхэндээ энэ ташрамд баярлалаа гэдгээ хэлье.
-Ирээдүйн Д.Буянжаргалыг хэрхэн харж байна вэ?
-Би хийж буй зүйлдээ дуртай. Хүн дуртай зүйлээ хийж байгаа цагт ямар ч бэрхшээлд сөхөрдөггүй. Дуртай ажлаа хийх нь л намайг өнөөдрийг хүртэл авчирсан гэж боддог. Би хоёр жил ажилласныхаа дараа дахин суралцаж, дэлхийн робот технологийн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсдэг. Ирээдүйд роботууд хүний ажлыг хийж, хүн төрөлхтөн дараагийн шатанд гарахад би өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэдэгт итгэдэг.
-Залуу инженер болохоор мөрөөдөж байгаа дүү нартаа юу гэж зөвлөх вэ?
-Инженер болохоор шийдсэн хүн бол заавал математик, логик сэтгэлгээгээ сайн хөгжүүлэх ёстой. Зарим хүмүүс практикийг илүүд үзээд онолын мэдлэгийг орхигдуулдаг нь үнэхээр харамсалтай. Гэтэл инженерийн мэргэжилд тооцоолол, судалгаа суурь нь. Мөн зорилгодоо үнэнч байх, бэлтгэлийн өдөр бүрийг үнэлэх нь чухал. Амжилт гэдэг зөвхөн тэмцээний өдөр биш, харин түүнд бэлтгэсэн өдөр хоног бий болгодог.
О.Удвал