Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн асуудлаар эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсад өсвөр үеийнхний тамхидалт маш хурдтай өсөж байна. 2019 онтой харьцуулахад 2023 онд янжуур болон цахилгаан, электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн. 2025 оны байдлаар ДЭМБ-ын судалгаагаар 100 хүүхэд тутмын 60 нь, өөрөөр хэлбэл гурван хүүхэд тутмын хоёр нь электрон тамхи хэрэглэдэг, харин 33 хувь нь байнгын хэрэглэгч болсон байна. Энэ нь маш ноцтой үзүүлэлт юм.
Архи, тамхи монгол хүний дундаж наслалтыг бууруулагч хамгийн том хүчин зүйлсийн нэг хэвээр байна.
Манай улс 2011–2013 онд дорвитой өөрчлөлт хийсэн ч түүнээс хойш бодит шинэчлэл хийж чадсангүй. Үүний улмаас тамхинаас үүдэлтэй нас баралт өндөр хэвээр байна. Хамгийн үр дүнтэй арга бол өсвөр үеийнхнийг тамхидалтаас хамгаалах. Тамхи нь өөрөө бусад донтолт руу шилжих гарц болдог. Тиймээс хуулийн шинэчлэлийн гол үзэл баримтлалын нэг нь электрон тамхийг тамхины бүтээгдэхүүний ангилалд оруулах. Учир нь электрон тамхи яг адилхан хор хөнөөлтэй ч өнөөгийн хуульд хамрагддаггүй. Ингэснээр зар сурталчилгаа, орчинд татах, тусгай зөвшөөрөл зэрэг зохицуулалт адилхан үйлчилнэ" гэв.