Хотын захын бүсийг хамарсан, хоёр хэсэг маршруттай “Хоёрдугаар тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас шаардлагатай тодруулга авсан бөгөөд холбогдох байгууллагаас авто замын трассын хувилбарт санал авч дууссан. Эдийн засгийн шинжилгээ, тооцооллын ажлыг үргэлжлүүлж байна.
Хоёрдугаар тойрог замын зүүн чиглэлд 5.7 км, 5.8 км, 6.6 км урттай гурван хувилбар, баруун чиглэлд 14.9–15.1 км урттай гурван трассын сонголтыг боловсруулсан байна. Гүүрэн байгууламж, дугуйн зам болон явган хүний зам, ногоон байгууламжийг тус төсөлд тусган цогцоор барихаар төлөвлөжээ.
Хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр холбох “Хоёрдугаар тойрог зам” төсөл нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын дүүрэгт оршин сууж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС