
Өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон 2012 оны Богдхан уулын хишиг барилдаанд аймгийн арслан Н.Батсуур түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэсэн байна. Хүчит 256 бөхийг манлайласан аймгийн арслан Н.Батсуурь Увс аймгийн Ховд сумын харьяат бол үзүүрлэсэн бөх улсын начин Ду.Батбаяр Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат юм. Түрүү бөх Н.Батсуурийн хувьд аймгийн арслан Б.Ганхуяг, улсын харцага А.Бямбажав, А.Цацабшир, Ц.Содномдорж, улсын начин Ц.Одбаяр, Ду.Батбаяр нарын шилдэг хүчтэнүүдээр найм давсан юм. Тэрээр улсын начин Ж.Гэлэгийн ач, улсын харцага Г.Намсрайжавын хүү гээд хүчтэй бөхийн удамтай аж. Өнгөрсөн жилийн Богдхан уулын хишиг барилдаанд аймгийн начин Лхангайжавын Цээсүрэн түрүүлж байжээ.