
Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) нь хот, суурингийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг өмнө нь 12 цагийн нарийвчлалтайгаар хүргэдэг байснаа 3 цаг болгон шинэчиллээ. /www.weather.gov.mn/ Энэ нь өндөр хүчин чадалтай тооцоолох төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүн бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, илүү нарийвчилсан мэдээлэл хүргэхэд чиглэсэн томоохон алхам боллоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын улирал, хоног хоорондын хэлбэлзэл нэмэгдэж, цаг тутмын өөрчлөлт эрчимжиж байгаа өнөө үед энэхүү шинэчлэл нь цаг агаар, уур амьсгалын нөлөөлөл ихтэй үйл ажиллагааны төлөвлөлтөнд чухал ач холбогдолтой юм. Улмаар иргэд, байгууллагууд илүү нарийвчилсан мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, цаг агаар, уур амьсгалын нөлөөлөл ихтэй барилга, зам тээвэр, эрчим хүч, газар тариалан, аялал жуулчлал зэрэг салбарууд үйл ажиллагаагаа нарийн төлөвлөж эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Зүгшрүүлэлтийн ажил 2025 оныг дуустал үргэлжилнэ.





















































