
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр Монгол Улс 1991 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, Азийн хөгжлийн банкны гишүүн болсноор олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах өргөн боломж нээгдсэн талаар онцлов.
Тэрбээр Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийллээ.



















































