
2025 онд манай улсын эдийн засагт чухал үүрэгтэй Замын-Үүд боомтын төмөр замаар БНХАУ-тай 18,3 сая тонн экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа солилцсон нь өмнөх оноосоо 1 сая тонноор илүү байна.
Ийнхүү “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээ өссөн нь өнгөрсөн оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөний үеэр УБТЗ-ын удирдлага Хятадын талтай хилийн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохирч чадсантай шууд холбоотой юм.
Дашрамд сонирхуулахад УБТЗ-ын Замын-Үүд өртөө байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 1956 онд Улаанбаатар-Замын-үүд-Жинин өртөө хоорондын төмөр зам баригдсанаар тус өртөө байгуулагдаж, Ази-Европыг холбосон төмөр замын шинэ коридор бий болжээ.


















































