
Зудын урьдчилсан төлөв байдлын зургийг шинэчлэн гаргасан бөгөөд нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна.
Тухайлбал, Баян-Өлгий Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн зарим нутгаар их хүндрэлтэй байхаар төлөвтэй байна.
Цаг уурын байгууллагын нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан мэдээгээр 11 аймгийн 52 сум "цагаан зуд"-ын, 14 аймгийн 61 сум "цагаанаар зудархуу" нөхцөл байдалтай байна.
Нэгдүгээр сарын 21-ний байдлаар нийт нутгийн 87 хувьд цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Ерөө сумын нутгаар 36 см, Увс аймгийн Хяргас, Сэлэнгэ аймгийн Түшиг, Зүүнбүрэн, Хүдэр, Орхон сумын нутгаар 24-28 см, Увс аймгийн Малчин, Баруунтуруун, Ховд аймгийн Алтай, Үенч, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Баянхайрхан, Булган аймгийн Хангал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Цагааннуур, Орхонтуул, Ерөө, Баянгол, Хушаат, Дархан-Уул, Шарын гол, Орхон, Дархан, Хонгор, Төв аймгийн Угтаалцайдам, Баянчандмань, Цээл сумын нутгаар 18-23 см, бусад нутгаар 17 см хүртэл цасан бүрхүүлтэй байна.



















































