
Өглөөний цай бол зөвхөн өдрийн эхлэл биш, тухайн ард түмний соёл, түүх, амьдралын хэв маягийн тусгал юм. Мөн эрүүл мэндийн хувьд ч чухал нөлөөтэйг олон улсын судалгаанууд харуулдаг.
Harvard T.H. Chan School of Public Health-ийн мэдээлснээр өглөөний цайг тогтмол уудаг хүмүүс жингийн зохицуулалт илүү тогтвортой байх хандлагатай байдаг. Мөн European Journal of Clinical Nutrition-д нийтлэгдсэн судалгаагаар өглөөний цай нь анхаарал төвлөрөл, танин мэдэхүйн гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлдэг гэжээ.
Өглөөний хоол нь цусан дахь сахарын түвшинг тогтворжуулж, бодисын солилцоог идэвхжүүлэн, өдрийн турш эрч хүчийг хадгалахад чухал үүрэгтэй. Ялангуяа уураг, эслэг, эрүүл өөх тос агуулсан өглөөний цай нь удаан хугацаанд цатгалан байлгаж, хэт их идэхээс сэргийлдэг болохыг хоол зүйн мэргэжилтнүүд онцолдог.
Гэсэн хэдий ч өглөөний цай нь улс орон бүрт өөр өөр онцлогтой. Зарим оронд илчлэг ихтэй, махан хоол давамгайлдаг бол заримд нь хөнгөн, энгийн, кофе талхнаас бүрдсэн байдаг.
Их Британид шарсан өндөг, бекон, хиам, бейкед шош, шарсан талхаар өглөөг эхлүүлдэг уламжлал түгээмэл. Харин Японд уурын будаа, мисо шөл, шарсан загас, даршилсан ногоо бүхий тэнцвэртэй хоол ширээнд заларна. Туркт чидун, бяслаг, шинэ ногоо, өндөг, хар цай бүхий олон төрөлтэй өглөөний ширээ дэлгэдэг бол Францад круассан, багет, кофе бүхий хөнгөн өглөө зонхилдог байна.
Монголчуудын хувьд сүүтэй цай, боорцог, ааруул, өрөм зэрэг сүүн бүтээгдэхүүн давамгайлсан, дулаан илчлэг сайтай хоол уламжлал болон тогтжээ.
Ийнхүү өглөөний цай нь зөвхөн хоол тэжээл бус, тухайн орны байгаль, цаг уур, эдийн засаг, ахуй соёлын илэрхийлэл болж байдаг. Хамгийн чухал нь өөрийн биеийн онцлог, амьдралын хэв маягт тохирсон, тэнцвэртэй өглөөний хоолыг сонгож хэвших явдал юм. Өглөөг зөв эхлүүлэх нь өдрийг зөв удирдах эхний алхам учраас өглөөний цайгаа ууж хэвшээрэй.
Т.Зузу


























































