
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 2026 онд зохион байгуулагдах төрийн худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын явц, хэрэгжилтийн талаар төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалтыг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шийдвэрийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулав. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд шуурхай зохион байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож шийдвэрлэхэд чиглэсэн юм.

Арга хэмжээг нээж, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул нар үг хэллээ. Нээлтийн үеэр төрийн худалдан авах ажиллагааг илүү нээлттэй, шударга, өрсөлдөөнт зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх нь бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Хөтөлбөрийн хүрээнд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба үр ашиг” сэдвээр илтгэл тавьж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар “Төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл” сэдвээр илтгэл тавьж, хувийн хэвшлийн зүгээс тулгамдаж буй асуудал, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр санал, байр сууриа танилцуулсан юм.
Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд шуурхай зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах” сэдвээр танилцуулга хийж, 2026 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, цаашдын арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв.

Арга хэмжээний төгсгөлд төрийн байгууллагууд болон бизнесийн төлөөлөл оролцсон асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнөж, худалдан авах ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны үйл явцыг илүү ил тод, үр ашигтай болгох, цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.
























































