
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх томилолтын хугацаагаа дуусган бүр мөсөн нутаг буцахтай холбогдуулан Хааны Дипломат корпусын Маршал, эрхэмсэг ноён Алистэр Харрисоныг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Энхсүх Британи Улсад ажиллах хугацаандаа Хааны Дипломат корпус болон Маршалын албатай үр дүнтэй, найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, боловсрол болон бусад салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Маршалын зүгээс үзүүлсэн дэмжлэгт онцгойлон талархал илэрхийлэв.

Маршал Алистэр Харрисон Элчин сайд Б.Энхсүхэд Чарльз хааны мэндчилгээг уламжилж, Монгол, Британийн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Тэрээр Элчин сайдын ажил хэрэгч, идэвх санаачилгатай үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Монгол, Британийн харилцаанд шинэ агуулга, эрч хүч нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлов.

























































