
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан өсвөр насны охидын жирэмслэлт жил ирэх тусам нэмэгдэж байгааг хөндлөө.
Тэрбээр, “Өсвөр насны охидын жирэмслэлт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулсныг харуулж байна. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, боловсрол, хүүхэд хамгаалал, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудал болоод байна. Иймээс бодлогын түвшинд салбар хоорондын уялдаатай, бодит үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Бид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй. Манай улсад жил бүр 15-19 насны 2600 орчим охид жирэмсэлж байна. Энэ бол бага тоо биш. Энэ тоо зөвхөн бидэнд бүртгэгдэж, мэдэгдсэн тоо. Үүний цаана бүртгэлгүй, нуусан, тусламж авч чадаагүй хэчнээн хүүхэд байгааг бид мэдэхгүй.
Өсвөр насны жирэмслэлтийн цаана:
- • сургууль завсардалт,
- • эрүүл мэндийн эрсдэл,
- • бэлгийн хүчирхийлэл,
- • ядуурал,
- • сэтгэл зүйн дарамт,
- • ирээдүйн боломж хумигдах зэрэг олон асуудал давхар үүсэж байдаг.
Тиймээс:
• Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг нас, хүйсийн онцлогт тохируулан сургуулийн түвшинд бодитой хэрэгжүүлэх,
• Эцэг эхийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэх,
• Сургууль, өрхийн эмнэлэг, хүүхэд хамгааллын байгууллагын хамтарсан эрт илрүүлэлтийн тогтолцоог бий болгох, • Насанд хүрээгүй хүүхэд жирэмсэн болсон тохиолдолд авах хариуцлагын тогтолцоог тодорхой болгох,
• Сэтгэл зүй, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Үүнийг үндэсний хэмжээний бодлогын түвшинд авч үзэж дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.


























































