
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ хүрээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” бодлогыг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн “хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль” байх зарчмыг баримталж, хамгийн сайн багштай, хуурамч дүнгийн тогтолцоогүй, сургууль, цэцэрлэгийг цахимжуулснаар Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд “Нэг суралцагч – нэг компьютер, нэг анги – нэг ухаалаг самбар” арга хэмжээг 2026 оны есдүгээр сараас хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, 2026 оны есдүгээр сараас 100 мянган Chromebook, 5000 ухаалаг самбар, 2027 оны хоёрдугаар сард дахин 100 мянган Chromebook, 5000 ухаалаг самбар, мөн 2027 оны есдүгээр сарын 1-нээс 2028 оны есдүгээр сарын 1 хүртэл 100 мянган Chromebook, 5500 ухаалаг самбарыг сургууль бүрт үе шаттайгаар нийлүүлэхээр төлөвлөсөн байна" гэв.
























































