
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.02/хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: "Монгол Улсын хувьд сүүлийн 100 жилийн хугацаанд Үндэсний баяр наадмыг тусгаар тогтнолын баталгаа гэж үзэж, нэг ч удаа тасалж үзээгүй. Гэвч 2021 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний баяр наадам анх удаа тасалдсан байдаг. Үүнээс үүдэж тухайн үед зохион байгуулагдсан бөхийн барилдааны цол олголтын асуудал маргаан дагуулсан бөгөөд Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон бүх салбар холбоод уулзалт хийсэн. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав холбоодын зүгээс уг бөхийн барилдааныг тогтоосон журмын дагуу зохион байгуулсан гэж үзсэн тул барилдсан бөхчүүдэд цолыг нь хууль ёсоор олгох нь зөв гэдэг санал гаргасан. УИХ-ын гишүүд болон судлаачид хөдөө орон нутгийн малчид зөвхөн морь уяж өөрсдийгөө саатуулж байна гэж шүүмжилдэг ч тэмээтэй газрын малчдын хувьд тэмээний уралдаан нь бүх нийтийг хамарсан соёлын томоохон үйл явдал юм. Өнгөрсөн хавар өргөн баригдаж, энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэж буй шинэ хуулийн төсөлд Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвлийн улиралд зохион байгуулж, амжилтыг харгалзан Засгийн газар болон зохион байгуулагч тал хамтран "Улсын алдарт" цол олгохоор заасан. Саяхан Дундговь аймагт болсон тэмээчдийн баярт Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж улсын аварга цол, тэмдэг олгосон нь энэхүү хууль урьдчилж хэрэгжиж эхэлснийг илтгэж байна. Мөн уяачдын тухайд, аймгийн баяр наадмын дээд насны гурван айраг, түрүүг бүсийн наадмын нэг айраг, түрүүтэй дүйцүүлэн амжилтад тооцохоор тусгаж өгсөн байгаа" гэв.



























































