
Оюутолгойн хянан шалгах түр хороонд ажиллаж байсан гишүүд Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал энэ асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өглөө.
Тэрбээр: "Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд батлагдсан. Харин үүнээс гурван сарын өмнө буюу 2009 оны долоодугаар сарын 16-нд Улсын Их Хурал ээлжит бусаар хуралдан Ашигт малтмалын тухай хуульд 29 нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг.
Онтрэ-гийн хэлэлцээрийг ахалж байгаа Г.Дамдинням сайд хэлэлцээрээ эхлэхийн өмнө "Зэсийн АМНАТ"-аа өөрөө санаачлаад бууруулж байгаа нь аль талд үйлчилж байгаа хэрэг вэ? Түүх давтагдаад байна. Өнгөрсөн хугацаанд энэхүү гэрээг хөрөнгө оруулагч талд хэт давуу байдал олгосон, Монгол Улсын эрх ашигт төдийлөн нийцээгүй гэрээг байгуулсан байдаг. Тиймээс өмнөх алдаанаасаа сургамж авч, байгалийн баялгийн үнэ өндөр байгаа энэ үед Монгол Улсын хүртэх өгөөжийг бууруулах аливаа шийдвэрийг маш нухацтай авч үзэх ёстой. Бид мэдсээр байж өнгөрсөн алдааг дахин давтаж болохгүй" гэв.



























































