
Монгол үндэсний бөх хүч, тэсвэр, бяр чадлыг эрхэмлэдэг спортын нэг. Гэвч сүүлийн жилүүдэд зарим бөхчүүдээс андроген анаболик стероид (AAS) буюу булчингийн өсөлт, хүчийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг дааврын төрлийн бодис илэрдэг болсон бөхийн ертөнцөд зовнил төрүүлсээр байна. Андроген анаболик стероид гэдэг нь хүний биед байдаг эр бэлгийн даавар болох тестостероны нийлэг хувилбар юм. Эмчилгээний зорилгоор тодорхой өвчний үед хэрэглэдэг боловч спортод булчингийн массыг хурдан нэмэгдүүлэх, хүч чадлыг өсгөх зорилгоор хууль бусаар ашиглах тохиолдол байдаг.
Яагаад бөхчүүд стероид хэрэглэдэг вэ?
Үндэсний бөх бол зөвхөн техник бус, биеийн хүч, жин, тэсвэр шаарддаг спорт. Өндөр цол авахын төлөөх өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр зарим тамирчин богино хугацаанд булчингийн жингээ нэмэх, хүчний үзүүлэлтээ сайжруулах, бэлтгэлийн ачааллыг даах, хурдан сэргэх зорилгоор хэрэглэдэг байх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Гэхдээ стероид нь хүний биеийн жам ёсны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Тухайлбал, удаан хугацааны хэрэглээ нь эрэгтэй хүний үр тогтоох чадвар буурах, зүрх судасны өвчин, элэгний гэмтэл, сэтгэл санааны өөрчлөлт зэрэг эрсдэл дагуулдаг. Монгол Улсад үндэсний бөхийн допингийн асуудал олон жилийн турш маргаантай сэдэв байсаар ирсэн. Үндэсний баяр наадмын үеэр авсан бөхчүүдийн допингийн шинжилгээгээр хориотой бодис илэрсэн тохиолдлууд олонтоо гарч, тэдгээрийн барилдах эрхийг хасах, цол чимгийг түдгэлзүүлэх шийдвэрүүд гарсаар байна.
Допингийн шинжилгээнд илэрдэг бодисын дунд анаболик стероид, түүний задралын бүтээгдэхүүнүүд багтдаг. Зарим тохиолдолд бөхчүүд өөрсдөө мэдээгүй хэрэглэсэн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс орсон гэх тайлбар хэлдэг ч спортын дүрмээр тамирчин хэрэглэсэн бүх зүйлдээ хариуцлага хүлээдэг.
Л.Баяр























































