
Монгол улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу эхний өдөр Сент-Китс ба Невис улсын төлөөлөгч хурал дээр улс оронд нь ундны устай байх цор ганц боломж нь бороо болсон тул НҮБ-аас ундны усаар хангаж өгөхийг хүсжээ. Тэгвэл бид энэ талаар судалж үзэв.
Энэ улс уур амьсгалын өөрчлөлт, удаан үргэлжилсэн гангийн улмаас усны хомсдолтой нүүр тулж байгаа нь үнэн. Тус улсын албан мэдээллээр, 2026 оны тавдугаар сарын 31-ний байдлаар хур тунадасны хэмжээ 1990–2020 оны дундажтай харьцуулахад 44 хувиар бага гарч, улмаар ундны усаа боломжит хэмжээгээр хэмнэхийг нийт иргэддээ уриалаад байгаа ажээ.
Ийм нөхцөлд тус улс далайн усыг цэвэршүүлэн ундны ус болгох шийдэлд ихээхэн хөрөнгө оруулж байгаа гэнэ. Тодруулбал, Бастеррит орчимд барьсан ус давсгүйжүүлэх байгууламж өдөрт ойролцоогоор 7.6 сая литр ус үйлдвэрлэх хүчин чадалтай. Төслийн өртөг 50 сая Зүүн Карибын доллар буюу ойролцоогоор 18.5 сая ам.доллар болж байгаа юм байна.
Тус улсын эрх баригчид иргэддээ далайн түвшин нэмэгдэх, хур тунадас багасахын зэрэгцээ газрын доорх усанд давст ус нэвчих эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ. Тиймээс Сент-Китс ба Невисийн хувьд усны асуудал нь зөвхөн өнөөдрийн хэрэглээний бус, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал нь болоод байна.
Сент-Китс ба Невис нь Карибын тэнгист орших, Сент-Китс болон Невис хэмээх хоёр гол арлаас бүрддэг жижиг арлын улс юм. Нийслэл нь Сент-Китс арал дээр байрладаг Бастер хот. Тус улс нь англи хэлийг албан ёсны хэлээр ашигладаг бөгөөд хүн ам нь 50 мянга орчим. Сент-Китс ба Невис нь 1983 онд Их Британиас тусгаар тогтносон бөгөөд Америк тивийн хамгийн жижиг, хүн ам цөөнтэй тусгаар улсуудын нэгт тооцогддог. Эдийн засаг нь аялал жуулчлал, үйлчилгээний салбарт ихээхэн түшиглэдэг бөгөөд халуун орны уур амьсгал, үзэсгэлэнт наран шарлагын газар, галт уулын тогтоц бүхий байгалиараа жуулчдын сонирхлыг татдаг.
Л.Баяр




















































