
COP17 бага хурлын үеэр РиоТинто, Эрдэнэс Оюу Толгой, Оюу толгой компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, арвижуулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах санаачилгуудаа эрчимжүүлэхээ зарласан юм. Үүний дагуу “Оюу толгой” компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэдээс усны нөөцийн чиглэлд хийх ажлуудынх нь талаар тодруулга авлаа.
Оюу толгой усаа 87% дахин ашигладаг гэж байна. Говь нутгийг усжуулах, ус татах гэсэн чиглэлд хэрхэн ажиллах вэ?
Усны нөөцийг хамгаалах, нөөцийг арвижуулах чиглэлд судалгаа, туршил ажлууд хийнэ. Ирэх 4-5 жилийн хугацаанд говийн бүсийн газар доорх усны нөөцийн туршилт судалгааны ажлууд, газар доорх усыг зориудаар арвижуулах туршилт судалгааны ажлууд, мөн сүүлийн үед их яригдаж байгаа хөв цөөрмийг барьж байгуулах шинэлэг арга технологиудыг судлах, нэвтрүүлэх гэх мэт судалгаа, туршилтын ажлуудыг эрчимтэй хийнэ.
Гэхдээ эдгээр ажлуудыг өмнө нь огт хийж байгаагүй гэсэн үг биш. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд бид Ханбогд суманд малчдад зориулж 200 гаруй худаг шинээр гаргасан, засаж, сэргээсэн байна.
Мөн, говийн усыг хуримтлуулах элсэн далангийн туршлагыг судалж, хэрэгжүүлээд байна. Гадаргын ус татах “Хэрлэн тооно” төслийн ТЭЗҮ-г “Эрдэнэс Оюу Толгой” компанитай хамтран шинэчлэх ажил мөн хийж байна. Энэ мэтчилэн бид уурхайн үйл ажиллагааны хүрээнд усыг гамтай ашиглахаас гадна орон нутгийн иргэд, цаашлаад бүс нутаг, улс орны хэмжээнд олон ажил хийж байгаа. Үргэлжлүүлэн ажиллах болно.
Оюу толгойн одоогийн хэрэглэж буй усны орд хэр их нөөцтэй вэ? Оюу толгой хэр хэмжээтэйг нь хэрэглэх вэ?
Оюу толгойгазрын гүнд 150-400 метрийн доор байдаг Гүний хоолойн газрын доорх усны ордоос усаа татаж авч хэрэглэдэг. Гүний хоолойн ордын ус нь шууд ундад хэрэглэх боломжгүй, стандартаас 3-4 дахин өндөр эрдэсжилттэй, шорвог ус байдаг. 2015 онд тус ордыг 25 жил ашиглахаар нөөцийг тодорхойлон, Оюу толгойд зөвшөөрөл олгосон.
Энэ нь гэхдээ 25 жил ашиглаад дуусна гэж ойлгож болохгүй. 25 жилийн хугацаанд секундэд 918 литр ус татахад Гүний хоолойн газар доорх ордын 50%-ийг хэрэглэх юм байна гэсэн нөөцийн тооцоолол хийн, зөвшөөрөл олгосон. Гэвч бодит байдал дээр Оюу толгойн хувьд секундэд 450-600 орчим литр буюу батлагдсан нөөцийн 50% гаруйг нөхөн сэлбэлтээр татаж байгаа. Цаашлаад, газрын доорх усны ордын тооцоолол хийдэг хэд хэдэн арга байдгаас Монгол Улс гидродинамикийн аргыг хэрэглэдэг. Энэ арга нь газрын доорх усны ордыг огт тэжээмжгүй гэж үздэг маш хатуу арга. Гэтэл бодит байдал өөр. Хэдэн арван мянган жилийн турш орж байгаа хур тунадсаар тодорхой хэмжээний тэжээмж аваад явдаг. Эдгээрийг тооцоолоод үзэх юм бол 25 жилийн хугацаанд Гүний хоолойн газрын доорх усны ордын ойролцоогоор 20-25 орчим хувийг нь л Оюу толгой ашиглана гэсэн үг юм.
Байгаль орчны чиглэлийн мэргэжилтний хувьд усаа хайрлах, гамнах тухайд юуг илүү анхаараасай гэж боддог вэ?
Сүүлийн үед манай Засгийн газар, Усны газраас маш идэвхтэй ярьж байгаа нэг сум, нэг хөв цөөрөм гэдэг санаачилга байна. Үерийн усыг хуримтлуулж авах, буцаагаад гангийн эрсдэлийг бууруулахад ашиглах нь хамгийн зөв шийдэл юм. Усыг хуримтлуулах янз бүрийн арга байна. Зарим нь ил хөв цөөрөм байдлаар хуримтлуулж байна. Бидний хувьд барьж байгуулахад зардал багатай, ууршилтаар усаа бага алдах, засвар үйлчилгээ бага шаардах хөв цөөрмийн өөр олон хувилбаруудыг судалж байна. Ер нь ийм байдлаар бид энэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй дасан зохицож ажиллана гэж харж байна.
Нийт монголчууддаа, СОР17-д оролцож байгаа хүмүүстээ амжилт хүсье.
Бодит үр дүн гарна гэж найдаж байна.
Баярлалаа.
























































