
Сири улс олон жил үргэлжилсэн эдийн засаг, санхүүгийн тусгаарлалтаас гарч, дэлхийн төлбөр тооцооны системд эргэн холбогдох томоохон алхам хийлээ. Visa болон Mastercard компаниуд Сирид анхны олон улсын картын гүйлгээг амжилттай хийсэн нь тус улсын санхүүгийн салбарын хувьд түүхэн үйл явдал болж байна. Mastercard болон Катарын Үндэсний банк (QNB) хамтран Сирид 15 гаруй жилийн дараах анхны олон улсын картын төлбөрийг амжилттай боловсруулжээ. Үүний зэрэгцээ Visa компани Ливаны Fransabank-тай хамтран Дамаскт бодит гүйлгээний туршилт хийсэн байна.
Энэ үйл явдлын бэлгэдэл болгож Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа Дамаск хотод Visa картаар ундаа худалдан авч, төлбөр хийжээ. Түүний хажууд Сирийн Төв банкны ерөнхийлөгч мөн байлцсан байна. Энэхүү өөрчлөлт АНУ 8-р сарын 24-нд Сирийг “терроризмыг ивээн тэтгэгч улс”-ын жагсаалтаас хассаны дараахан гарч байна. Сири уг жагсаалтад 1979 оноос хойш байсан бөгөөд энэ статустай холбоотой хязгаарлалтууд нь олон улсын банк, хөрөнгө оруулагчдыг тус улстай санхүүгийн харилцаа тогтооход томоохон саад болж ирсэн юм.
АНУ 2025 оны долдугаар сарын 1-нээс Сирийн эсрэг өргөн хүрээний эдийн засгийн хориг арга хэмжээг цуцалсан ч терроризмыг ивээн тэтгэгч улсын жагсаалтад хэвээр байсан нь олон улсын санхүүгийн байгууллагуудын хувьд эрсдэлийн томоохон хүчин зүйл байжээ.
Сирийн Төв банк олон улсын банкуудтай корреспондент харилцаагаа сэргээх, банкны салбарын засаглал, хууль эрх зүй, кибер аюулгүй байдлыг сайжруулах замаар дэлхийн санхүүгийн системд бүрэн нэгдэхээр ажиллаж байна.
Visa компани цаашид гадаадын иргэдийн картыг Сирийн нутаг дэвсгэрт ашиглах боломжийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бол Mastercard-ын үйлчилгээг QNB-ээр дамжуулан орон нутгийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр болжээ.
Сирийн хувьд энэ нь зөвхөн картын төлбөр тооцоог сэргээж байгаа хэрэг биш. Олон улсын банкны харилцаа сэргэснээр гадаадын хөрөнгө оруулалт татах, худалдаа хийх, аялал жуулчлалын салбарыг дэмжих, дайны дараах сэргээн босголтын хөрөнгийг нэмэгдүүлэх боломж өргөжнө. Гэхдээ олон улсын санхүүгийн системд бүрэн эргэн орох хүртэл хугацаа шаардлагатай. Сирийн банкны салбар олон жилийн тусгаарлалтаас үүдэн техник, зохицуулалт, кибер аюулгүй байдал болон олон улсын банк хоорондын харилцааны чиглэлээр ихээхэн шинэчлэл хийх шаардлагатай хэвээр байна.
Л.Баяр

























































