
АНУ-ын Калифорни мужийн шүүх ерөнхийлөгч Дональд Трампын Лос-Анжелес орчмын гольфын талбайд буу, сумтай баривчлагдсан тэнгисийн явган цэргийн хуучин алба хаагч, 38 настай Жанин Жон Тэйлегийн эсрэг эрүүгийн хэргийг түр түдгэлзүүлж, сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээнд оруулахаар шийдвэрлэжээ. Тэйлег энэ сарын 5-нд Ранчо Палос Вердес дэх "Trump National Golf Club Los Angeles"-д баривчилсан юм. Тухайн үед Трамп тус талбайд Бүгд найрамдах намын үндэсний хорооны хандивын арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байжээ.
Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, Тэйлег гольфын талбай дээр чихэвч зүүж, хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагааг ажиглан зураг, дүрс бичлэг хийж байсан байна. Тэрээр өөрийгөө АНУ-ын Төрийн департаментын ажилтан, ерөнхийлөгчийн хамгаалалтын багийн гишүүн хэмээн мэдэгдэж байжээ. Цагдаа нар түүний автомашинаас цэнэгтэй 9 мм-ийн гар буу, дуран, “security protection agent” гэсэн тэмдэг илрүүлсэн байна. Мөн түүнийг шалгах үеэр сумтай магазин биедээ авч явж байсан нь тогтоогджээ.
Цаашид мөрдөн шалгах явцад Тэйлегийн гэрээс буу, сум, хуягт хантааз болон бусад хэрэгсэл олдсон байна. Мөн мөрдөгчид түүний бичсэн 200 орчим хуудас тэмдэглэл олсон бөгөөд тэдгээрт тэргүүн хатагтай Меланиа Трамп болон Нууц албаны ажилтнуудын хуваарь, мөн “нийгмээс тусгаарлагдан амьд үлдэх” талаарх нарийвчилсан жагсаалт байсан гэж шүүх мэдээлжээ.
Лос-Анжелес мужийн шүүгч Жон Лонерган Жуниор Тэйлегийн өмнөх үнэлгээ болон хэлсэн зүйлсээс үзэхэд шүүх ажиллагаанд оролцох сэтгэцийн хувьд бэлэн бус байж болзошгүй гэж үзсэн байна. Тэрээр өмнө нь өөрийгөө 14 жилийн турш Төрийн департаментын ажилтан байсан хэмээн нотолж байсан нь худал болохыг мөрдөн шалгалтаар тогтоожээ.
Тиймээс шүүгч түүнийг Холливудын Сэтгэцийн эрүүл мэндийн шүүхэд шилжүүлж, сэтгэцийн нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн байна. Тэйлег есдүгээр сарын 9 хүртэл хоригдож, тэр өдөр дахин шүүх хуралд оролцох юм. Тэйлег өмнө нь 2025 оны арваннэгдүгээр сард AT&T дэлгүүрийн ажилтныг өөрийг нь тагнаж байна хэмээн буруутгаж, Meta-ийн ухаалаг нүдний шилийг авч явсан хэрэгт холбогдож байжээ. Тухайн үед түүнийг сэжигтэй авирлаж байсан гэж мэдээлсэн байна.
Л.Баяр























































