
Австрийн иргэн 86 настай нэгэн эр ууланд авирах үеэр мөсөн голын ангалд орхисон үүргэвч, авиралтын хэрэгслээ 63 жилийн дараа эргүүлэн олжээ. Түүний олон арван жилийн өмнө алга болсон эд зүйлс мөсөн гол хайлсны улмаас дахин ил гарсан нь энэ аж. Өнгөрсөн сард нэгэн аялагч Австрийн баруун хэсэгт орших Тироль мужийн Сульцтальфернер мөсөн голоос, далайн түвшнээс бараг 3000 метрийн өндөрт үүргэвч олсон байна.
Цаг хугацаа өнгөрсөн ч мөсөнд хадгалагдсан эд зүйлсийн дотор мөсөн сүх, камер, шүгэл болон бичиг баримтын хавтас байжээ. Цагдаа нар үүнийг олон жилийн өмнө болсон уулын осолтой холбоотой байж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлсэн байна. Бичиг баримтаас үүргэвчний эзний нэрийг тодорхойлж чадсанаар 86 настай эрэгтэйг олжээ.
Тэрбээр 1963 оны наймдугаар сард хэд хэдэн хүнтэй хамт мөсөн голыг гатлан авиралт хийж байхдаа ангал руу унасан байна. Тухайн үед тэд олсоор холбогдсон байсан бөгөөд хамт явсан хүмүүс нь түүнийг татаж гарган аварчээ. Гэвч жингээ багасгахын тулд тэрбээр үүргэвчээ мөсөн голын ангалд орхихоос өөр аргагүй болсон байна.
Ийнхүү 63 жилийн дараа үүргэвч болон түүнд байсан эд зүйлс эзэндээ буцаж очжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар тэр өөрөө очиж авч чадаагүй тул цагдаа нар эд зүйлсийг хүүгээр нь дамжуулан хүргүүлсэн байна.
Харин энэ үйл явдал дэлхийн мөсөн голууд эрчимтэй хайлж байгаагийн бас нэгэн сонирхолтой жишээ болж байна. Мөсөн голуудын хайлалт нэмэгдэхийн хэрээр олон арван жил, бүр хэдэн зуун жилийн турш мөсөнд дарагдсан эд зүйлс ил гарч байгаа юм.
1991 онд Италийн Альпийн нуруунаас 5300 орчим жилийн өмнө нас барсан “Мөсөн хүн Өтци”-гийн мумми олдсон нь үүний хамгийн алдартай жишээнүүдийн нэг билээ.
Л.Баяр























































