
Эрүүгийн ертөнцийн зартай дээрэмчин, Монголын Пабло Эскобар хочит “Урьхан” Б.Чинбатын халаасанд орж, гэмт хэрэгтний талд шийдвэр гаргасан хоёр шүүгч өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байв. Нэг нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн Хялбар ажиллагааны шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Алдар. Нөгөө нь прокуророос шүүгч болсон намтартай Э.Чанцалням. Ч.Алдар нь “Урьхан”-ы боссын захиалгаар иргэн В.Ганзоригийг шоронд хорих хууль бус шийдвэр гаргасан бол Э.Чанцалням нь Б.Чинбатын 15 тэрбумын дээрэм, 5 тэрбумын татвараас зугатсан хэргийг ширэн нүүрлэж цагаатгасан юм.
Ч.Алдар, Э.Чанцалням хоёр “Урьхан” Б.Чинбат гэгч Монголын зартай рецедивийн эрх ашгийн төлөө шүүгчийн алх, хар нөмрөгөө ашигласан нь баримтуудаар нотлогдож, тэр бүх баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэсээр л байна. Бодит байдал ийм атал Шүүхийн Ерөнхий зөвлөл тун хачирхалтай мэдэгдэл гаргаатахлаа. Өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ ШЕЗ “Муусайн сэтгүүлчид ээ манай шүүгч нарын ариун гэгээн нэр төрд халдаж байж амьдралгүй болов оо” л гэчихэж. Шуудхан хэлэхэд мэдэгдэл гэх нэрийн дор заналхийлсэн өнгө аясаар дүүрэн өгүүлбэрүүд эвлүүлж зүйгээд олон нийтэд цацан түмний бухимдлыг төрүүлэв.
ШЕЗ-ийн дарга П.Золзаяа ийм арга ядсан сүржин, муйхар мэдэгдэл гаргаж авлигач шүүгч Ч.Алдарын толгойг илэхийн оронд “Урьхан” Б.Чинбатын даалгавраар ажилласан хоёр шүүгчээ ажлаас нь чөлөөлж шалгах ёстой юм. Ёстой ч биш юм аа, бүр тэгэх үүрэгтэй юм.
Манай сонин шүүгч Ч.Алдар, Э.Чанцалням нарын худалдагдсан байж болзошгүй баримтуудыг өнгөрсөн долоо хоногт дэлгэсэн. ШЕЗ-ийн дарга П.Золзаяа, Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр нарт эргэн сануулах зорилгоор тэдгээр баримтуудаа товчлон хүргэе.
Шүүгч Ч.Алдар, хөрөнгөжсөн хурандаа “цээж Ууганбаяр нарын дотно мэссэж, дуудлагууд
Ч.Алдар бол хүнийг шууд хорих шийдвэр гаргадаг Дүүргийн эрүү, иргэний хэргийн Хялбар ажиллагааны шүүхийн эрүүгийн танхимын шүүгч. Шүүгч болохоосоо өмнө, өмгөөлөгчөөр ажиллах жилүүддээ “Урьхан” Б.Чинбатын хамаарал бүхий компанид хууль зүйн зөвлөгөө өгдөг байсан гэх жиг жуг дуулддаг. Энэ бол яг таг батлахад хэцүү мэдээлэл. Харин “Урьхан” Б.Чинбатын шүүхэд угсарсан мафийн гол гишүүдийн нэг гэдгийг нь нотлох мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд баримттайгаа цацагдсан юм. “Урьхан” Б.Чинбатын дотны найз бол цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нарын нэг “пээдэг” Эрдэнэбаяр. Эрдэнэбаяр үүнийгээ хэвлэлээр хүлээн зөвшөөрчихсөн. “Пээдэг” Эрдэнэбаяраар дамжиж “Урьхан” Б.Чинбатын халаасанд орсон цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нарын нэг бол “цээж” Ууганбаяр. Шүүгч Ч.Алдарын “цээж” Ууганбаяр руу нууц аппликейшнаар ихэд дотночлон хийсэн видео дуудлагын баримт өнгөрсөн долоо хоногт ил болсон юм.
“Урьхан” Б.Чинбатад 300 гаруй тэрбумаар үнэлэгдэх 520 кг алтаа ухуулж дээрэмдүүлсэн иргэн В.Ганзориг “Ахиж дээрэмдүүлж чадахгүй” гэж тэмцсэнээсээ болж өдгөө 461 дүгээр хорих ангид хоригдож буй. “Чамайг хориулж байгаад алтыг чинь ухна” гэсэн Б.Чинбатын заналхийллийг биелүүлж өгсөн хүн бол шүүгч Ч.Алдар. Ч.Алдар шүүгч В.Ганзоригийг хорих захирамж гаргангуутаа “цээж” Ууганбаяр руу “Би ажлаа хийчихсэн шүү” гэсэн мэссэж явуулсан нь АТГ-т бий.
15 тэрбумын дээрэм, 5 тэрбумын татвараас зугатсан “Урьхан” Б.Чинбатыг “энхийн цагаан тагтаа” болгосон шүүгч Э.Чанцалням
“Урьхан” Б.Чинбатын Монголын шүүхэд угсарсан мафид Ч.Алдараас гадна шүүгч Э.Чанцалням багтаж буйг нотлох мэдээлэл ч өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Өнгөрсөн оны намар Б.Чинбатын хоёр ч гэмт хэргийн шүүх хурал болсон байдаг юм. Шүүх хурал болсон газар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. “Урьхан” Б.Чинбат уурхай түрээслүүлэх нэрээр Хятадын иргэн Г-ийн 15 тэрбумыг залилж, төсөвт төлөх 5 тэрбумын татвараасаа бултсаныг цагдаа, прокурор олон баримтаар тогтоож байж. Ийнхүү “Урьхан” Б.Чинбатын өчнөөн зузаан хавтаст хэргүүд шүүх рүү орсон ч Монголын Пабло Эскабор ял авах нь битгий хэл цагаатчихсан байдаг. Гадаадын иргэний 15 тэрбум төгрөгийг дээрэмдэж, төсөвт төлөх 5 тэрбум төгрөгийн татвараас бултсан зартай рецедивийг “энхийн цагаан тагтаа” болгож цагаатгасан хүн нь шүүгч Э.Чанцалням.
Одоогоор “Урьхан” Б.Чинбатад худалдагдсан гэдэг нь баримтаар нотлогдсон шүүгч нар гэвэл Ч.Алдар, Э.Чанцалням хоёр байна. Манай редакцид “Урьхан” Б.Чинбатад худалдагдсан гэх нэр бүхий шүүгч нартай холбоотой шинэ баримтууд ирснийг энэ дашрамд тодотгоё.
Ерөнхийлөгч өө, шүүхийн системийн цэвэрлэгээг дээрэмчний төлөө алх цохидог Ч.Алдараас эхэлье
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд “Бид 12 жил хонгилын шүүх ярилаа. Нэг нөхөр гарч ирээд л хонгилын шүүхийн түлхүүрийг аваад явдаг. Тэгээд баахан хүнийг хэлмэгдүүлдэг. Ял тулгадаг. Ийм хонгилын түлхүүр атгасан Ерөнхийлөгч нар тодорхой хугацаанд улс толгойллоо. Би үүнийг таслан зогсооно. Шүүхээ хараат бус болгоно” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Төрийн тэргүүн амласан ёсоороо шүүхийн хонгилын эсрэг багагүй тэмцэл өрнүүлсэн. Шүүгч нарыг хараат бус байлгаж шударга шийдвэр гаргуулахын тулд цалинг нь 3000 ам.долларт хүргэж байв. Бүр тусгай хангамж хүртэл эдлүүлэх болсон билээ. Багш, эмч нар өдөр шөнөгүй зүтгэж 2 сая хүрэхтэй үгүйтэй цалин авч байхад шүүгч нар тусгай хангамж эдлэхээс гадна сард 10 сая төгрөгийн цалин авч буй.
Шүүхийн хонгилыг нураах энэ мэт тэмцлийн чинь эрчийг дээрэмчинд хар нөмрөгөө арилжсан Ч.Алдар мэтийн цөөн хэдэн шүүгч сулруулаад байна, Ерөнхийлөгч өө. Ч.Алдар шүүгч эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбатад үйлчилж гэмгүй иргэн В.Ганзоригийг шоронд хорьсон нь баримттайгаа илэрчихээд байхад ШЕЗ-өөс “Манай шүүгч нарыг муулаад сайнаа үзэхгүй шүү” гэсэн утгатай мэдэгдэл гаргаж баримт дэлгэсэн хэвлэлийнхнийг сүрдүүлж байна, төрийн тэргүүн ээ.
Судалгаа: Иргэдийн 90 хувь нь шүүхэд итгэдэггүй
Хэд хэдэн судалгаагаар иргэдийн 90 гаруй хувь нь “Шүүгч засаглалд итгэдэггүй” гэж хариулсан байна лээ. Шүүгч Ч.Алдартай холбоотой ноцтой баримтууд хэвлэлээр дэлгэгдчихээд байхад ШЕЗ-ийн дарга П.Золзаяа өмөөрсөн мэдэгдэл гаргаж, Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр тоосон шинжгүй гүлдийж сууна. Эрүүгийн рецедивт үйлчилж, гэмгүй иргэнийг торны цаана суулгасан Ч.Алдар шүүгч өнөөдрийг хүртэл харц дээгүүр, дуу өндөр ажлаа хийсээр явна. Бодит байдал ийм байгаа учраас л монголчуудын 90 хувь нь шүүх засаглалд итгэхгүй байгаа юм.
АНУ-ын иргэдийн 90 хувь нь шүүх засаглалдаа итгэдэг. Учир нь Америкийн шүүх засаглал улсынхаа тусгаар тогтнол, иргэдийнхээ аюулгүй байдлын баталгаа болж чаддаг юм. Гэтэл Монголд хүнийг шууд хорих эрхтэй Хялбар ажиллагааны шүүхийн эрүүгийн танхимын шүүгч Ч.Алдар гэгч шүүгч нь захын нэг дээрэмчинтэй нийлээд энгийн иргэнээ торны цаана суулгачихаж байна. “Урьхан” Б.Чинбат шиг олон рецедив дээрэмдэх гэж байгаа хүнээ халаасны шүүгчдээ хэлж байгаад шоронд хориулдаг жишиг Монголд нэгэнт тогтчихсон нь гашуун ч гэсэн бодит үнэн. Дахиад хэлье. Шүүхийн хонгилыг нураах ажлын чинь эрчийг Б.Чинбат шиг эрүүгийн рецедив, Ч.Алдар шиг халаасны шүүгч нар сулруулаад байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ.
“Урьхан” Б.Чинбат иргэн В.Ганзоригийг хориулахын тулд 20 тэрбумыг авлигад цацсан гэв үү?
“Урьхан” Б.Чинбатын халаасны шүүгчидтэй холбоотой баримтууд дэлгэгдээд багагүй хугацаа өнгөрчихлөө. ШЕЗ нь авлигач шүүгч Ч.Алдарыг ил шулуун өмөөрсөн мэдэгдэл гаргасан учир тус зөвлөлийн дарга П.Золзаяагаас юу ч хүлээгээд нэмэргүй. Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр өнөөг хүртэл ямар ч үг унагаж, үйлдэл хийсэнгүй. Ирэх өдрүүдэд ч таг чиг гүлдийчихэж мэдэх дүр зураг харагдаж байна. Тэгэхээр одоо ганцхан танд л найдах үлдэж байна, Ерөнхийлөгч өө. “Урьхан” Б.Чинбат гэгч дээрэмчинд ил цагаан үйлчилсэн нь хөдөлшгүй баримтуудаар нотлогдож буй Ч.Алдар шүүгчийг ажлаас нь түдгэлзүүлж, шүүхийн системийн цэвэрлэгээг эхлүүлж өгөөч. Шүүхийн нэр хүнд ингэж л байж сэргэнэ. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон шүүх засаглал “Урьхан” Б.Чинбат гэх мэт гэмт хэрэгтэнтэй халаас нэг Ч.Алдар мэтийн цөөхөн шүүгч нараас болж нурж унахад ойрхон байна, Ерөнхийлөгч өө.
Нийтлэлийн эцэст нэг зүйлийг зориуд онцолъё. Монголд шударгаар бизнес эрхэлж яваа залуусын бизнес томроод ирэнгүүт халаасны шүүгчтэй Б.Чинбат мэтийн рецедивүүд дээрэмдчихдэг юм байна. Дээрэмдүүлэхгүйн төлөө тэмцэхээр нь Ч.Алдар мэтийн халаасны шүүгч нартаа захиалга өгөөд хориулдаг болчихож. Манай сонины редакцид ийм кейс өчнөөнөөрөө ирж байна. Дахиад хэлэхэд 461 дүгээр хорих ангид Ч.Алдар шүүгчийн захирамжаар хоригдож буй иргэн В.Ганзориг гэхэд л 300 гаруй тэрбумын 520 кг алтаа “Урьхан” Б.Чинбатад дээрэмдүүлчихсэн жирийн нэг бизнес эрхлэгч. В.Ганзориг шиг ахиж дээрэмдүүлэхгүй гэж тэмцсэнээсээ болж шоронгийн хаалга татсан олон бизнес эрхлэгч байгаа юм билээ. Гэхдээ тэдний хэн нь ч В.Ганзориг шиг шоронгийн хүйтэн өрөөнөөс “мафижсан шүүх”-ийн эсрэг шүгэл үлээж зүрхлээгүй өнөөг хүрчихсэн байх юм. Ядаж ганц нь хамгаа дэнчинд тавьж шүгэл үлээсэн дээр нь цөөн хэдэн мафижсан шүүгч нарт хариуцлага тооцож өгөөч, Ерөнхийлөгч өө.
“Урьхан” Б.Чинбат иргэн В.Ганзоригоос дээрэмдсэн 300 тэрбумаасаа 20 орчим тэрбумыг хууль, шүүхийнхэнд тарааж санаагаа гүйцэлдүүлсэн гэх мэдээлэл чих дэлсч байна. Энэ ноцтой мэдээллийг шалгаарай, АТГ-ын дарга аа.
Эх сурвалж: Өдрийн сонин





















































