
Төгс төгөлдөр хуулиуд баталчихаад Төсвийн төсөл хэлэлцэж байна гэж бодно уу, Эрхэм гишүүд ээ? Ердөө гуравхан сарын ой санамжтай байж болохгүй шүү. Төсвийн төслийг боловсруулахдаа батлагдсан орлогодоо багтааж зарлагаа тооцож санхүүжүүлдэг онол энэ удаад эсрэгээрээ болчихсоныг мартав уу. Буруутан нь хэн гээч? Улсын Их Хурал. Үүнд сөрөг хүчнийхэн ч багтана. “Сонгуульд зориулсан төсөв” гэнэ үү? Аль ч төрийн үед төсвөө батлахдаа зорилтот бүлгийнхнээ инфляциас хамгаалдаг. Төрийн үүрэг ч тийм. УИХ-ын 2024-2028 оны сонгуулийн амлалтаа хар! Аль ч намын сонгуулийн амлалтад л цалин, тэтгэвэр нэмэх, баялгийг иргэн бүрт хүртээмжтэй болгоё, цахилгаан станцууд барья, төмөр зам тавья гэсэн байна шүү дээ.
Гурван сарын өмнө юу болсон бэ? Засгийн газар эхлээд инфляцид уялдуулсан, айсуй нөхцөл байдлыг зөв төсөөлсөн эрүүл төсөв оруулж ирэхэд нь жагсаал цуглаан, Засгийн газрын огцрох эсэх зэрэг элдэв улстөржилтөөс болоод буцаагаад, ямар ч боломжгүй байхад “нэг литрийн саванд таван литрийг багтаа” гэсэн галзуу шаардлага тавьж байхгүй орлогод дүүрэн зарлага чихээд өнөөдрийн айдас дагуулсан, “стандарт бус”, энэ гажиг төсвийг бий болгосон. Иргэд бүгд харж байсан. Харин одоо юуг нь гайхаад, жигшээд, цэцэрхээд байгаа юм бэ?
УИХ-аар баталсан хуулиудаа хар! Жишээ нь, төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш баталсан Нийгмийн даатгалын багц хуулиуд байна. Энэ хууль дотор “Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд иргэдийг 186.3 тэрбум төгрөгийн НДШ-ээс чөлөөллөө” гээд алга ташсанаа санаж байгаа биз? Ийм хэмжээгээр төсвийн орлого буурсан. Татварын багц хуулиудаар 840 тэрбум төгрөг буурч хачин гоё чөлөөлөгдлөө. Тэтгэврийн реформ л гэхэд 2.7 их наяд төгрөг үрж төсөвт дарамт учруулсан нь одоо тодорч харагдаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр та нарт гайхах эрх бий гэж үү?
Ямар галзуу нэмэгдэл үүссэнээ сана даа, Эрхэм гишүүд ээ!
Засгийн газраас 2026 оны өргөн барихдаа “Цалин хөлс нэмэхгүй, инфляцаа бодож байна” гээд төслөө өргөн барьсан боловч УИХ-аар батлахад “боловсрол, эрүүл мэндээ анхаарна”, “хүн төвтэй төсөв батална” гээд бусад бүх салбарын төсвийг их наяд, их наядаар нь хасаж байгаад боловсрол, эрүүл мэнд дээр “зад нэмсэн”. Ингээд энэ ондоо багтаагаад багш нарын цалинг 75 хувиар, эмч нарын цалинг мөн 75 хувиар нэмж төсөвт тохируулга хийсэн. Энэ нь ч бусад салбартаа нөлөөлж, дээрх популист, галзуу шийдвэрийн нөлөөллөөр 1.7 их наяд төгрөг ирэх оны төсөвт шаардагдах болов. Багш, эмчийн цалинг жагсаал цуглаан хийж байгаад нэмчихдэг юм байж. Тангараг өргөсөн төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчид гээд цалингаа нэмүүлэх гэж жагсах эрхгүй “жинхэнэ албан хаагчид”-ыг яах вэ гэдэг асуудал үүсэв. Тэд “үйлдвэрчин” биш шүү дээ. Ингээд цалингийн зөрүү нь 50 хувийн зөрүүтэй болчихсон. Ажлын байрны шилжилт маш их болсон. Энэ мэтчлэн өмнөх шинэчлэлийн дагуу 1.7 их наяд төгрөг, үүн дээр 2027 онд нэмэх 888 тэрбум төгрөг, нийт 2.6 их наяд төгрөг хэрэгтэй болчихжээ. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмнэ гэсэн, үүнийг ирэх жилийн төсөв дээр тусгаад орохоос өөр аргагүй, яагаад гэвэл УИХ тэгж баталсан.
Тэгэхээр УИХ-аас батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд орлогодоо багтааж зарлагаа тооцох бус, зарлагаа орлогоороо хөөж гүйцэж санхүүжүүлж явах төсөв болчихоод байгаа биз? Энэ “уршиг”-ийг УИХ-аас өөр хэн ч үйлдээгүй.
Цаашилбал, Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-аас 10 хувь өгдөг байсныг 20 хувийг өгнө гэж баталсан ч эцэслээгүй. Төсвийг батлахдаа одоо мөрдөж байгаа хуулиа баримталдаг учраас 10 хувиар нь батлахад 147 тэрбум төгрөг, Ашигт малтмалын тухай хуулиар 20 хувь гэдэг нь батлагдчихвал 2028 оны төсвийн жилээс мөрдөгдөнө. Агаарын бохирдлын тухай хуулиар орон нутагт нь 144 тэрбум төгрөг өгнө гээд баталчихсан. Ийнхүү орлогыг нь өгөөд зарлагыг нь өгөхгүй батлаад байдаг, та нар! Энэ бүхнийг хаанаас санхүүжүүлэх вэ?
Яагаад төрийн өмчитүүдийн ногдол ашгийг “тоноход” хүрэв?
Орлогоо харцгаа! УИХ-аар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээр 34 их наяд 780 тэрбум төгрөгийн орлого байна. Үүн дээр төрийн өмчит компаниудын ногдол ашгаас авах 3.5 их наяд, Оюутолгойн ногдол ашгаас авах 3 их наяд, нийт 41.28 их наяд төгрөг гээд төсвийн төсөлд биччихсэн юм байна. Дээр баталсан цалин, тэтгэврээ хар даа. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг өгөөд дуусаа, 36 сарын тэтгэмж, агшсан эдийн засаг маань яах билээ? Ингээд гацаж байна. Дээр нь инфляцийг нэмэхгүй байх зорилго бас бий. Гэтэл өөр нэмэх орлого байхгүй. Ингээд төрийн өмчит компаниудын ногдол ашгийг төрд авах тухай яригдаж эхэлжээ.
Баялгийн сангийн хууль батлагдахаас өмнө ТӨК-үүдийн ашгийг 100% төсөвт авдаг байсан. Энэ хууль батлагдаад, “Эрдэнэс Монгол нэгдэл” байгуулснаар удирдлага дорх бүх компанийнхаа ашгийг цуглуулаад 34%-г улсад өгч, 66%-г “Эрдэнэс Монгол” өөртөө авч үлддэг хууль баталчихсан. Тэгвэл УИХ-аар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зорилгоор хууль батлаад, үүндээ “Төрийн өмчит компаниуд заавал 30-аас доошгүй хувийн ногдол ашиг төвлөрүүлэхээр тусгаж баталсан. Зөвхөн 2025 онд Эрдэнэс Монгол компанийн цэвэр ашиг нь 3.5 их наяд төгрөг байна! Тэдний хийж буй хөрөнгө оруулалтын санхүүжих дүн 3.2 их наяд! Нийт төсөвт өртөг нь 14 их наяд! Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас том байгаа биз? Ийм том мөнгө зах зээлд ороод байхад төр нь “Бидэнд хамаагүй, Эрдэнэс Монголын мөнгө” гээд сууж байж болох уу?
Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” компани анх 2019 онд ногдол ашиг тараасан. Үүнээс хойш 5 удаа иргэдэд ногдол ашиг тараажээ. Нийт иргэд хувьцааны 26.5%-г эзэмшдэг. Бусад 73.5 хувь нь “Эрдэнэс Тавантолгой”-н ашиг. Өөрөөр хэлбэл, иргэдэд ногдол ашиг хуваарилсан боловч төрд хуваарилаагүй. Баланс нийлсэн, Үндэсний аудитын газраас баталгаажуулсан дүнгээр эднийх төрд 7.6 их наяд төгрөгийн өртэй байна. Яагаад төрд хуваарилаагүй юм бэ, энэ мөнгөө яасан гэхээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлчихсэн гэдэг. Энэ оны төсвийн тодотголд 1.5 их наяд төгрөг тусгасан. Үүн дээр нэмээд ирэх оны төсөвт 3.5 их наяд төгрөгийг тусгаж байна. Хэрэв 2024 онд Баялгийн сангийн тухай хууль батлагдаагүй байсан бол 34 хувь биш 100 хувийг төрд өгөх ёстой байсан. Үүнийг харгалзаад “төрийн өмчит компани заавал 30-аас дээш хувийн ногдол ашиг төсөвт төвлөрүүл” гэдэг заалтыг хэрэгжүүлэхээр ийм тооцоо гарч байна.
Товчхондоо зарлагын нийт тооцоо 8.8 их наяд төгрөгийг шингээхийн тулд дахиад 1.8 их наяд төгрөгийг орлогодоо шингээх болчихоод байна. Ингэхгүйн тулд УИХ-аар баталсан 3.5 их наяд төгрөг, үүн дээр төрийн өмчит компаниудаас авах 3.5 их наяд төгрөг, ингээд 7 их наяд төгрөг дээр бүх зардлаа шингээгээд явна. Үүнд урсгал болон хөрөнгө оруулалтын бүх зардал шингэсэн.
Үүн дээр Оюутолгойгоос авах ногдол ашиг буюу О.Батнайрамдал гишүүний нулимс шингэсэн 3 их наядын орлогын асуудал нэмж орж ирсэн.
Оюутолгойн ногдол ашгийг “авч чадвал” хэрхэхээ УИХ өөрөө бүрэн хариуц!
Хэлэлцээрийн тактик ч гэх үү ямар нэг “аргаар” хамгийн багадаа 3 их наядыг оруулж ирнэ гээд Төсвийн тухай хуульдаа биччихсэн бололтой санагдсан. Өөрөөр хэлбэл Монгол Улс төсвийн хуульдаа батлаад, “Монголын ард түмэн анх удаа Оюутолгойгоос үр өгөөж хүртэж эхэллээ” гэж зарлаад үүгээрээ “шахалт үзүүлж” төсөвтөө оруулж ирээд томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх бололтой юм. Тэд ч өгөх биз, бид ч авах биз. “3 их наяд төгрөгтэй тэнцэх ам.доллар орж ирнэ” гэсэн үг шүү дээ. Гэхдээ дүн нь яг 3 их наяд хүрэх эсэхийг таашгүй. Үүнээс 2 их наядаар нь хөрөнгө оруулалт хийж, нэг их наядыг нь Хуримтлалын санд оруулна. Хөрөнгө оруулалтын 2 их наяд төгрөгийг нь “OT” гэсэн код тавиад ялгачихсан байна лээ. Төсвийн хөрөнгө оруулалтаас ялгаад, том том төслүүдээ зөвхөн ОТ-оос санхүүжүүлэх, улсын төсвөөс санхүүжүүлэхгүй гэсэн үг. Хэрэв улсын төсвөөс орвол төсөв дийлэхгүй. Эхний хоёр жилд ийм дүнгээр яваад, цаашид буурах, өсөхийг таашгүй. Ингээд 39 их наяд 993 тэрбум төгрөгт бүх зарлагаа багтаачихсан. Нэмээд Оюутолгой орж ирж байгаа юм. Нийлээд 43 их наядын зарлага болж байгаа юм аа.
Одоо бүх зүйл УИХ-ын гишүүд Та бүхний гарт байна!
Эрхэм гишүүд ээ. Батлагдсан төсөв 3.5 их наяд. Энэ бол хөдөлшгүй, төсвийн хүрээний мэдэгдлээр баталчихсан. Үүн дээр Төрийн өмчит компаниудын ногдол ашгаас авах 3.5 их наядыг буруу гэж үзвэл тэр мөрийг хасаж болно. Тэр тохиолдолд батлагдсан 3.5 их наяддаа багтаана. Гэхдээ багтаахын тулд тэтгэврийн хуулийн шинэчлэлээ хэрэгжүүлээд, цалингийн нэмэгдлийн дутууг тавиад л энэ батлагдсан мөнгө чинь байхгүй. Ерөөсөө өөр юунд ч зарлагадах орлого байхгүй. Бас Оюутолгойгоос 3 их наядыг авах тэр мөрийг хасаж болно. Тэгвэл тэндээс санхүүжүүлнэ гэсэн төслүүдээ л хасаж төсвөө батална гэсэн үг. Энэ бол төсөвт нөлөөлөхгүй.
Төрийн өмчитүүдийг бол нэг их өмөөрөөд, өрөвдөөд хэрэггүй дээ. Жишээ нь “Эрдэнэс Монгол нэгдэл” л гэхэд 1.5 их наядыг бэлдээд эхэлчихсэн байна лээ. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс критикал” зэрэг 20 гаруй компанийн нэгдэл байна даа, асуудалгүй биз
Ер нь манай эдийн засгийг 100 хувь гэж үзвэл төсөв 1/3-ийг нь бүрдүүлдэг гэж бид ойлгодог. Гэтэл бодит байдал дээр төрийн өмчит компаниуд бүхэлдээ дахиад 1/3-ийг нь бүрдүүлдэг байгаа юм. Үндсэндээ 70 хувийг нь төр өөрөө захиран зарцуулж, дахин хуваарилаад байдаг. 30-хан хувьд нь л хувийн хэвшил байдаг. Гэхдээ ил бидний ярьдаг хэсэг нь зөвхөн төсөв буюу манай нийт эдийн засгийн 1/3 нь. Тиймээс төрийн өмчит компанийн засаглал, төсөв шиг ил тод ярьдаггүй, дансны үлдэгдлийг нь л яриад байдаг юм билээ. Эрдэнэс Монгол борлуулалтын орлого гээд бүтэц доторх компаниудаасаа 2% авдаг. Дээрээс нь ногдол ашгийг бүгдийг нь авчихаад 34 хувийг нь төсөв рүү явуулчихаад бусдыг нь өөр дээрээ аваад үлддэг. Энэ компани өөрөө зөв менежмент хийх ёстой. Бүтэц доторх компаниудаа зөв, ашигтай ажиллуулж, орлого цуглуулах ёстой "нэгдэл” шүү дээ. Тэгж чадахгүй бол ингэж нэгтгэх хэрэггүй байсан.
Уул уурхай дээр бооцоо тавьж болохгүй цаг ирсэн
Хүссэн ч хүсээгүй ч орлого маань уул уурхайн экспортоос голлон хамаарна. Уул уурхайн салбарын орлого, алт, зэс, нүүрсээр бас татварын төрлөөр нь үзүүлснийг та харж байна. Ингээд 10.8 их наяд төгрөг олох нь ээ. Инфляцаа 8 хувь байх болов уу гэж тооцоолжээ. Эдийн засгийн өсөлт 5.8 хувь. Экспортын орлого 20.3 тэрбум ам.доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн 115 их наяд 300 тэрбум төгрөг байх нь ээ.
Уул уурхайн орлого дотор зэсийн хэмжээг 2 сая 65 мянган тонн, нүүрс 110 сая тонноор тооцжээ. Нүүрс оны эхнээс сар бүр 10 сая тонныг баталгаатай экспортолж байсан. Оны эхнээс өнөөдрийг хүртэл 78.4 сая тонныг гаргачихаад байна. Харин энэ сараас эхлээд 10 сая тоннд хүрэхээ больж эхэллээ. Шалтгаан нь Гашуунсухайтаас урагшаа гардаг терминалууд дээр засвар үйлчилгээ хийж байгаа гэх шалтгаанаар нүүрс авах нь удааширч эхэлсэн байдал ажиглагдаж байна. Дээр дурдсан өнөөдрийн байдлаар экспортлоод байгаа 78.4 сая тонн маань ч гэсэн зөвхөн сүүлийн өдрүүдэд идэвхжсэн тоогоор ийм байна. Яагаад идэвхжсэний шалтгаан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизид Ши Жиньпин даргатай уулзсаны дараах идэвхжил гэж ажиглагчид үзэж буй юм. Хатуухан хэлэхэд сүүлийн үед орон нутагт урд хөршийн хөрөнгө оруулагчдыг айлгаж ичээж хөөж туугаад байсан манай “эх орончийн дүртэй хорлон сүйтгэгчид”-ийн зүй бус авир үйлдэлтэй сөрөг эффект гэхэд хилсдэхгүй. Тиймээс аливаа эрсдлийг тооцохоор сар бүр 10 сая тонн гардаг юм чинь жилдээ 120 сая тонн гарна гэж тооцоолж болохгүй. Өөрөөр хэлбэл, уул уурхай дээр бооцоог тавьж болохгүй байна. Тиймээс дундажлаад 110 сая тонноор тооцсон бололтой. Үнэ оны эхнээс өнөөдрийн байдлаар 70 ам.долларт хүрч байна. Тиймээс өнөөдрийн үнэ 70 ам.доллар байгаа ч төсөвт 68 ам.доллароор тооцжээ.
Алт, зэс хоёрын үнэ түүхэн дээд хэмжээндээ өсөлттэй байна. Гэхдээ тэнцвэржүүлсэн үнээр тооцож төсөвт тусгадаг. Тэр нь нэг жилийн бус сүүлийн 20 жилийн савлагааг урт хугацаагаар тооцдог томъёотой. Түүнээс давбал илүүг нь хадгалах ёстой.
Энэ бол улсаа “алах” бус, “амьд үлдэх” төсөв
Гол эргэлзээ орлого! Эрхэм гишүүд та бүхэн байтугай ард иргэд ч орлогод эргэлзээд буй ийм хүнд үед улстөржихгүйгээр, эв нэгдэлтэйхэн батлаад өгөөрэй л гэж та бүхнээс гуйя.
Цалин тэтгэвэр нэмснийг хэн ч шүүмжилдэггүй. Харин өчигдөр л УИХ-ын чуулганы танхимаас сонслоо. Сонгууль болоогүй байсан ч ийм л төсвийн бодлого орж ирэх байсан! Нөгөөтэйгүүр залуучууд, бизнес эрхлэгчдэд ээлгүй төсөв бас биш. Татварын маш их хөнгөлөлт, чөлөөлөлт тусгасан. Бичил бизнесийг дэмжихдээ дотоодоосоо мөнгө хэвлэхгүйгээр гадаад эх үүсвэрээс авах гэж байна. Цаана чинь 50 мянган хүн ипотекийн зээл авах хүсэлт өгчихөөд байна. Нөгөө талд нь бэлэн 20 мянган орон сууц байна. Хоорондоо холбогдож чаддаггүй. Учир нь зургаа, найман хувийн ипотек бол өмнөх зээлдэгч зээлээ төлж дуусч байж дараагийн зээлдэгчид боломж гардаг. Тиймээс арай өндөр хүүтэйгээр оруулж ирэх, өөрөөр хэлбэл сонголтыг бий болгож буй хувилбар. Үүгээрээ 6 биш 7 эсвэл 8 хувийн хүүтэй ч хамаагүй авах гэсэн хүмүүст сонголт үүсэж байна. Бичил бизнес гэдэг нь хувь хүн 100 сая, ААН 300 сая хүртэл төгрөгийн зээл гэхээр нэлээд өргөн хүрээтэй "бичил” болохоор байна. Донор байгууллагууд нь ч энэ босгоор бол зээл олгоно гээд байгаа юм.
Монголбанк Засгийн газартай бус инфляцтай л “үзэлцмээр” байна
“Мөнгөний бодлого төсвийн бодлоготой уялдуулна” гэдэг ч энэ удаад мөнгөний бодлого нь түрүүлээд явчихсан, бодлогын хүүгээ нэмчихсэн. Төсөв түүний араас хөөж гүйцэж өргөн барьсан. Монголбанк бодлогын хүүгээ л хөдөлгөхөөс өөр юу ч хийсэнгүй. Харин Засгийн газар илүү маневр сайтай байж, цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалт зэргээ хөдөлгөж инфляцитай уялдуулж, зорилтот бүлгээ хамгаалах гэхээр “Засгийн газраас болж инфляц өслөө” гэж Монголбанк шүүмжлэх юм. Ер нь Засгийн газарт боломж бий гэж харагдаад, хардаад буйгаа нуух юун. Эрчим хүчний үнийг нэмэхгүй л гэнэ. Эх үүсвэрээ өнөө маргаашгүй нэмж чадахгүй байж яагаад ч тийм итгэлтэй байгаа юм, бүү мэд. Нийслэл лав Сэлбэ дэд төв төсөлд 500 сая ам.доллар авснаа төлөх боломжтой сурагтай. Харин Засаг нь шууд тийм хэмжээний мөнгийг гадагш гаргаснаас талыг нь дотооддоо авч үлдэх боломжийн талаар ярьж буй сурагтай.
Дашрамд дурдахад, анзаарсан бол шатахуун, гурил, мах гээд эдүгээ Засгийн газраас дотац өгөөд байгаа секторууд дээр АН-ын үед төсөвтэй хамааралгүйгээр, Монголбанкийг “дайчилж” тэднийхтэй хамтарч гол нэрийн бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлж хүү багатай хөнгөлөлттэй зээл олгож нөөц бүрдүүлж байсан сайхан түүх бий. Амжилттай ч болсон. Гэтэл өнөөдөр юу болж байна? Ийм өндөр бодлогын хүү дээр заавал байлгах нөөц нь ийм өндөр, тэгсэн мөртлөө зээл гаргах хүрээ хумигдаад байна. Харин арилжааны банкууд маш өндөр, бүр “сэжиг бүхий” өндөр ашигтай байгаа нь шударга бус байна. Тэгвэл Төв банк заавал байлгах төдөн сарын нөөцөө авч үлдээд илүүдэл валютаа банкуудаар дамжуулаад зээл гаргачихаж болдоггүй юм уу? Тэгвэл арилжааны банкуудад чинь “идүүлээд” байхгүй бизнесээ сэргээчихмээр л байна шүү дээ.
Эрүүл мэнд, боловсролын салбарын бяцхан нэмэгдлийг бүү адлаарай, төрийн үүрэг!
Эмийн үнийн хөнгөлөлтийн тухайд Үндэсний статистикийн хорооноос гаргадаг өрхийн орлогын бүлгүүдээр ангилсан байдлаар маш бага орлоготой иргэд болон ахмадуудынхаа эрүүл мэнд, амь насыг төр хамгаалахын тулд эмийн үнийн өсөлтөөс хамгаалжээ.
Маш эмзэг асуудал. Энэ чинь тооцоололгүй зүйл биш. Нийт инфляцийн 50 хувь нь хүнс, 7-8 хувь нь эмийн үнийн өсөлтөд цохиулж байна. Архаг буюу зүрх судас, даралт, чихрийн шижин өвчинтэй хүмүүст эмийн үнийн хөнгөлөлтийг нь инфляцтай уялдуулж өгч байхгүй бол биеийн байдал нь улам муудаж нийслэлд ирж эмчлүүлэх зэргээр улам их зардал төлдөг. Ингээд 150 тэрбум төгрөгийг эмийн үнийн хөнгөлөлт гээд ЭМДС-аас өгөөд, цаана нь 60 орчим хувийг нь буюу дунджаар 100 тэрбум төгрөгийг иргэд өөрөөсөө төлж байна. Тиймээс эмийн жагсаалтаа зөв болгож багасгаад эмийн хатуу зохицуулалттай орнууд буюу ДЭМБ, Европын эмийн агентлагийн зөвшөөрсөн эмүүдийг шууд оруулж ирдэг болгох, ингэж баталгаатай чанартай, хямдралтай орж ирсэн эмүүд дээр хөнгөлөлт олгохоор болсон.
Төр гарцаагүй хамгаалах дараагийн салбар нь боловсролын салбар. Сурагчид хоол тэжээлийн дутагдалд орж болохгүй. Эрт илрүүлэгт хамааруулахгүй байх боломжгүй. Тэр тусмаа хүүхэд зүрх судасны өвчинтэйгээ, нүдний хараа муутайгаа мэддэггүй, шүдний өвчин бусад олон эрхтнийг өвчлүүлдэг. Хүүхэд ч өөрөө хэлдэггүй, эцэг эхчүүд ч мэдэхгүй байгаа энэ өвчнүүд ирээдүйд амьдралын чанарт нь асар муугаар нөлөөлдөг. Тиймээс боловсролын салбарын хоолны зардал дээр бяцхаан төсөв тусгасныг шүүмжлэх, харамлах аргагүй байна.
Бичил бизнесийнхнээ мартаагүй шүү!
Хоёр свопын зардал харагдаж байна. Дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хүүг бууруулахад 1.1 их наяд төгрөг. “ЖДҮ-ийн хэрэг” гэгчээс хойш энэ зүг рүү харахад айдаг болчиход, улстөрчид. Одоогоор “50 тэрбумын зээл дээрээ л эргэлд” гэсэн маягтай бодлого явж буй. ЖДҮ-ийн алдаа нь сангаар дамжсан, эрсдлээ тооцоогүй, барьцаа хөрөнгө нь тодорхойгүй, хамгийн гол нь банкны шалгуураар яваагүй. Одоо дээрх 1.1 их наяд төгрөгийн зээл олгохдоо зээлийн хүү дээр дэмжлэг үзүүлнэ, заавал гадаад эх үүсвэрээс ам.доллараар авч буй зээл учраас ханшийн алдагдлаас нь хамгаалах утгатай своп руу орчихож байгаа юм.
Ипотек дээр эх үүсвэрт зориулж 198 тэрбум төгрөг. “Мөнгө босгож болно. Төгрөг хэвлэж болохгүй” гэдэг бодлогынхоо дагуу энэ хоёрыг заавал гадаад эх үүсвэрээс авах болж, свопын зардал гаргахаас аргагүй болжээ. Эдгээрт 7.6 их наяд төгрөг зайлшгүй гэхээр зарлагууд гарчээ.
Маш товчхон бичихэд ийм байна. Гэвч улстөржилт улайсаж, төсвийн 2-р хэлэлцүүлгийн үеэр хүссэн төсвөө тавьж өгөхгүй бол Засгийн газрыг огцруулна гэсэн “бойкот” явах “уламжлал” давтагдах магадлалтай. Тэр үед ургац хураалт ч дуусч, утааны асуудал ч ойртож, өвлийг яаж давна даа гэсэн өдрүүд тосож буй. Ухаантайхан л байгаарай, эрхэм улстөрчид өө. Дахин сануулахад энэ удаагийн төсөв бол “Яаж амьд үлдэх вэ” гэдэг төсөв. Учир шалтгааныг нь тавьсан буруутан нь хууль тогтоогч та бүхэн төсвийн хүрээний мэдэгдэл баталсны дараа баахан цалин, тэтгэврийн хууль нэмж баталснаас болсон. Монгол төрийн хууль хэрэгжих л ёстой!
У.Оргилмаа






















































