
Ардчилсан намын нэрийн өмнөөс зарласан ажил, хөтөлбөрүүд олон нийтэд хүрэхдээ “шинэчлэл”, “нээлттэй байдал”, “ардчиллын үнэт зүйл” гэсэн том үгсээр чимэглэгддэг. Харин улс төрийн маркетингийн гоё урианы цаана бодит хэрэгжилт нь хаана явна вэ гэдэг асуулт улам бүр тавигдах боллоо.
АН-ын Нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын эдийн засгийн зөвлөх А.Батпүрэв “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан Нам” аяны хүрээнд “Ардчиллыг гэрэгэ” авсан дэмжигчдээс таван хүнийг санамсаргүй сонгон, ардчилсан тогтолцоотой орнуудад аялуулна хэмээн зарласан.

Ингэж намынхаа гишүүдийг урамшуулж, ардчиллын үнэт зүйлсийг сурталчилсан. Харин сүртэй зарласан энэхүү амлалтын хэрэгжилт өнөөдөр тодорхойгүй, олон нийтэд мэдээлэгдсэн зүйлгүй байна.
Гишүүдээ хөөргөхдөө амласан таван хүний аялал нь улс төрийн ээлжит маркетингийн мессеж болж үлдэв үү гэсэн хардлага төрөхөөр.
Үүн дээр нэмэгдээд “Өөрчилье” аяны хүрээнд 20 сая төгрөгийн шагналын сантай, 330 сум, 204 хороо, 31 нэгж, намын харьяа таван байгууллагыг хамруулсан контентын уралдаан зарласан ч уг уралдааны удирдамж намын цахим хуудсаас алга болжээ. Уралдааны талаар залруулга мэдээлэл бүр байсангүй.
Ингээд харахаар зарлахдаа нээлттэй, хэрэгжүүлэхдээ хаалттай, таалагдахаа больсон мэдээллээ устгадаг улс төрийн маркетингийн дүр зураг харагдана.

Ардчиллын үнэт зүйл гэдэг гоё нэртэй аян зохиож, гишүүддээ “гэрэгэ” гардуулснаар хэмжигдэхгүй. Өгсөн амлалтаа биелүүлдэг эсэх, зарласан ажлынхаа үр дүнг ил тод тайлагнадаг эсэхээр хэмжигдэнэ.
Эцэст нь, АН-ын дарга О.Цогтгэрэл намын “гал тогоо”-ны ажлыг С.Баярцогтод хариуцуулсан ч Хэрэг эрхлэх Ерөнхий газрын өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалт, хэрэгжилт, мэдээллийн ил тод байдалд хариуцлага эзэнгүйдсэн дүр зураг ийнхүү ил болж байна.
Улс төрийн намын дотоод зохион байгуулалт доголдож, зарласан хөтөлбөр нь сураггүй болж, амласан ажил нь тайлбаргүй үлдвэл хариуцлага эзэнтэй байх ёстой. Намын бодлого, зохион байгуулалтыг Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт зангидаж, Хэрэг эрхлэх Ерөнхий газрын өдөр тутмын үйл ажиллагааг НБД Л.Эрдэнэбулган хариуцдаг. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцсан удирдлагаас тайлбар, үр дүн, хариуцлагыг нэхэх нь зүй ёсны хэрэг.
Улс төрийн нам гал тогоогоо хэнд хариуцуулсан нь намын дотоод асуудал. Харин гал тогооноос гарч буй хоолыг гишүүд, дэмжигчид, сонгогчид хүртэнэ. Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй.
Ардчиллыг ярьдаг намын хувьд хамгийн түрүүнд хариуцлагаа харуулах учиртайсан.
Т.Золзаяа





















































