
Их Британийн агаарын хөдөлгөөний удирдлагын системд техникийн доголдол гарсны улмаас тус улсын томоохон нисэх буудлуудын нислэгийн хуваарьт өргөн хүрээний саатал үүсэж, олон зуун нислэг цуцлагдан, мянга мянган зорчигчийн аялал тасалджээ. Агаарын хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ үзүүлэгч NATS-ийн системд гарсан доголдол мягмар гарагт Лондон болон бусад хотын нисэх буудлуудад нөлөөлсөн байна. Үүний улмаас нислэгийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, ирэх болон хөөрөх онгоцны тоог бууруулах шаардлагатай болжээ.
Хамгийн их хүндрэл Heathrow Airport болон Gatwick Airport нисэх буудлуудад гарсан байна. Heathrow-д 100 орчим нислэг цуцлагдаж, 367 нислэг саатсан бол Gatwick-д 250 орчим нислэг, өөрөөр хэлбэл тухайн өдрийн нийт нислэгийн 31 орчим хувь нь саатсан гэж мэдээлжээ.
Үүнээс гадна Manchester, Stansted, Luton, Birmingham, Edinburgh, Aberdeen болон Glasgow-ийн нисэх буудлууд ч сааталд өртсөн байна. Ирландын Дублин нисэх буудалд мөн Их Британийн нисэхийн системийн доголдлоос үүдсэн дам нөлөө гарч, ирэх болон хөөрөх нислэгүүд хойшилжээ. NATS агаарын орон зай бүрэн хаагдаагүй бөгөөд нислэгүүд үргэлжилж байгаа ч системийн доголдлыг арилгах, нислэгийн хуваарийг хэвийн болгоход тодорхой хугацаа шаардлагатай гэж мэдээлсэн байна.
British Airways болон EasyJet зэрэг томоохон агаарын тээврийн компаниуд зорчигчдод үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлж, саатсан болон цуцлагдсан нислэгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллажээ. EasyJet-ийн мэдээлснээр техникийн доголдол Европын хэд хэдэн чиглэлд нөлөөлсөн байна.
Энэ нь Их Британийн агаарын хөдөлгөөний системийн найдвартай байдлын талаар дахин анхаарал татаж байна. Өмнө нь 2023 онд NATS-ийн системд гарсан томоохон доголдлын улмаас олон мянган нислэг цуцлагдаж, агаарын тээврийн компаниудад 100 сая фунт стерлингээс давсан зардал учирч байсан юм. Одоогийн доголдлын улмаас зорчигчид нислэгийнхээ статусыг агаарын тээврийн компани болон нисэх буудлын албан ёсны сувгаар тогтмол шалгах шаардлагатай болжээ.
Л.Баяр





















































