
Анх батлагдахдаа олон нийтийн дэмжлэгийг хүлээж, УИХ-ын гишүүд ганц сайн хууль баталлаа гэж оноо авч байсан Тамхины хяналтын тухай хууль эхний өдрөөсөө л бүрэн хэрэгжиж чадсангүй. Энэ хуулийн сургаар зарим хүн тамхинаас гарсан гэж байгаа ч маш бага тоо юм. Харин гадаа гудамжинд, хотын замын түгжрэлд, сургуулийн ойролцоо тамхи татсан хүмүүс өдөр, шөнө ялгахгүй холхиж л байна.
Монголын хууль гурав хоног гэдэг бол энэ хууль нэг ч хоног бүрэн үйлчилсэнгүй. Учир нь тамхичин болгон хууль гарлаа гээд хэдхэн хоногийн дотор гарч чаддаггүй. Хортой гэдгийг нь мэдсээр байж донтон татсаар байдаг. Гэтэл гэнэт хэдхэн өдрийн дотор хаана ч тамхи татаж болохгүй гээд хаачихаар “өөр яах юм гээд” хуулийг үл тоох болжээ. Уг нь томоохон албан байгууллага, үйлчилгээний төв, бар, цэнгээний газар, пабууд гээд хүний хөл хөдөлгөөн ихтэй газар тамхи татахыг зөвшөөрсөн тусгай өрөөтэй болвол энэ хууль хэрэгжихэд тун ойр болох юм. Үйлчилгээний байгууллагууд торгуулахгүйн тулд гадагшаа гарч тамхи татахыг иргэдэд зөвлөдөг болж. Өөр аргагүй болсон тамхичид ч дуулгавартай нь аргагүй гадаа бөөгнөрөн тамхилж зогсдог болжээ. Сонирхолтой нь хуулинд зааснаар гадаа, гудамжинд тамхилж зогсоо нэгэнд хяналт тавьж, хориглох хэн ч алга. Тамхи татдаг нэг нь бол адилхан юм чинь гээд дуугүй өнгөрч байхад хэлсэн нэгнийг нь "чамд хамаагүй, миний эрх" гээд амыг нь таглаж байх юм.
Нөгөө гудамжинд тамхилвал тавин мянган төгрөгөөр торгох энэ тэр гээд гоё сануулга хаачсан бэ? Түүнийг хэн хэрэгжүүлэх ёстой вэ? Хуулиар хориглосон газар тамхи татаж байгаа хүний зургийг авч, бичлэгээр баталгаажуулах хэрэгтэй гэж цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хэн нэгэн танихгүй хүн тамхи татаж байгааг хараад цаг заваа үрэн цагдаад хандах хүн өдрийн од шиг байдаг бололтой. Тэгээд ч өөрт нь ямар ч ашиггүй, аягүйдээ тулвал тамхи татсан хүнд зодуулах хэрэг гарна. Тамхины хяналтын тухай сүр дуулиантай хууль нэг иймэрхүү зүйл дээр гацчихжээ. Өөрөөр хэлбэл амьдралаас арай тасарсан хууль болсныг эхний долоо хоног л харуулж байна.
Дөрөвдүгээр сард УИХ-ын чуулган эхэлмэгц энэ хуулийн цоорхойг нөхөхгүй бол тэр цоорхойгоор тамхичдын утаа уугисаар, иргэдийн хууль биелүүлэх сэтгэлгээ гоожсоор байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (18)