Төрийн өмчит “Үндэсний дата төв”-ийн дарга О.Золбаяр, дэд дарга
Ю.Улаанхүү нарыг улсын төсвөөс хоёр тэрбум гаруй төгрөг завшсан байж
болзошгүй гэж үзэн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас АТГ-т хандсан
гэнэ. Дээрх мэдээллийн дагуу АТГ-аас хавтаст хэрэг нээн шалгаж байгаа
бөгөөд,гэм буруутай нь нотлогдвол онц хүнд гэмт хэрэгт буюу бүх эд
хөрөнгийг нь хураан авч хамгийн багадаа таван жилийн хорих ял ноогдуулах
ажээ. Байгуулагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байгаа энэ төвийн
даргаар О.Золбаярыг томилоход тус салбарын олон хүн энэ томилгоог
эсэргүүцэж байжээ. О.Золбаяр энэ албан тушаалд томилогдохоос өмнө Төрийн
холбоонд инженерээр ажиллаж байсан. Харин тус төвийн дэд дарга
Ю.Улаанхүү нь өмнө нь Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байжээ. Өмнө нь
ямар нэгэн удирдах албан тушаал хашиж байгаагүй түүнийг энэ албан
тушаалд тохирох хүн биш гэж олон хүн үздэг аж.

