"Эрдэнэт" үйлдвэр хаягдлын аж ахуйдаа бохир шахах шинэ насос, мөн бага оврын усан цахилгаан станцыг ашиглалтад хүлээн авлаа. Баяжуулах фабрикаас гарах үйлдвэр-лэлийн хаягдал булингарыг хүлээн авдаг хаягдлын санд Хятад улсын Найпу фирмийн шахах насосыг хэрэглэх болсон байна. Тус насос нь цагт 15000 шоо метр хүртэл хаягдлыг 80 метрийн өндөрт шахах хүчин чадалтай аж. Мөн үйлдвэрийн усан станц нь үйлдвэрлэлийн хаягдал усыг татан авч баяжуулах фабрикийн усанд нийлүүлдэг. Сүүлийн жилүүдэд далангийн усны түвшин нэмэгдэж, 80 метрийн өндрөөс даралттай ус тус станцад ирдэг байсан. Энэ даралтыг бууруулахын тулд бага оврын усан цахилгаан станцыг суурилуулан ашиглалтад оруулсан байна. Ийнхүү шинэ усан цахилгаан станцыг байгуулж ажилласнаар “Эрдэнэт” үйлдвэр жилд 1.3 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний хэмнэлт гаргах юм.
Т.Хулан