Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах ажилд одоогоор 40 мянган өрх хамрагдаад байна. Эдгээрийн 30 мянга нь утаа багатай зуухыг хэрэглэж байгаа бол үлдсэн нь бусад арга хэмжээнд хамрагджээ. Тодруулбал, нийслэлд 17 үйлдвэр сайжруулсан дулаан бүрээс худалдаалж байна. Мөн нэг компани үүдний гонхон байгуулдаг аж. Энэ хоёр бүтээгдэхүүнийг сонгон авах бол үндсэн үнийг 45-57 хувь хүртэл хөнгөлөлж байгаа гэнэ. Нийслэлийн зургаан дүүрэгт “Цэвэр агаар” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд анхдагч дүүрэг Чингэлтэйн 9-12 дугаар хороонд утаагүй зуухны нийлүүлэлт 80 хувьтай хэрэгжиж дуусчээ. Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн зарим газарт зуух түгээлтийн ажил энэ сард эхэлсэн байна. “Энэ бүхний дээр Засгийн газраас цахилгааны үнийн шөнийн тарифыг 50 хувь бууруулсан нь давхар хэмнэлт болсон учир түгээлт сайн байгаа” гэж төслийн мэргэжилтэн Г.Батмэргэн хэллээ. Төлөвлөсөн 70 мянган зуух түгээх ажил талдаа ороод байгаа хэдий ч үр дүн гарч эхэлсэнийг Нийслэлийн агаарын чанарын алба мэдээлж байна. Тэд “Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал агаар дахь азот, хүхэрлэг хийн агууламж 3-15 дахин буурсан” гэлээ.
Б.Ганбилэг