Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт автобус шатаж, унтраахаар очсон гал
сөнөөгчид дэлбэрэлтэд өртсөн хэрэг өнгөрсөн Баасан гаригт гарчээ. Тус
дүүргийн II хорооны нутаг "Орбитын гудамжинд айлын хашааны гадна зогсож
байсан машин шатаж байна" гэсэн мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн
байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт автобус шатаж, унтраахаар очсон гал сөнөөгчид дэлбэрэлтэд өртсөн хэрэг өнгөрсөн Баасан гаригт гарчээ. Тус дүүргийн II хорооны нутаг "Орбитын гудамжинд айлын хашааны гадна зогсож байсан машин шатаж байна" гэсэн мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгчид очиход орон нутгийн чиглэлд үйлчилгээнд явдаг "Паз-3205" маркийн автобус шатаж байжээ. Гал сөнөөгчид галыг унтрааж байх үед шатахууны саванд нь гал авалцаж, дэлбэрсэн аж. Үүний улмаас тус ангийн салааны захирагч, тэргүүн дэслэгч Т, салааны захирагчийн туслах, түрүүч Э, гал сөнөөгч, дээд түрүүч О, шадар түрүүч С нар түлэгджээ. Тэдний түлэгдэлт 2-3 дугаар зэрэгтэй байгаа гэнэ.
Түлэгдсэн гал сөнөөгчдийг тэр даруйд Түлэнхийн төвд хүргэж эмчилгээ хийж эхэлсэн байна. Гал сөнөөгчдийн биеийн байдал хүндэвтэр, бүгд хэвтэн эмчлүүлж байгаа талаар тус төвийн эмч нар мэдээлсэн юм. Аврах, гал унтраах 26 дугаар ангийнхантай холбогдоход "Манай алба хаагчдын бие харьцангуй сайжирсан, бүгд эмнэлэгт хэвтэж байгаа" гэлээ.
Автобусны жолооч Т галын шалтгааны талаар тодорхой тайлбар өгөөгүй байгаа аж. Шинжээчид галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд дүгнэлт нь гараагүй байна. Зарим хүн жолооч Т машинаа гэсгээхээр доор нь гал түлснээс болж гал авалцсан байх гэж үзэж буй юм. Харин зарим нь машины цахилгааны утсанд богино холболт үүссэнээс гал гарсан байх магаддалтай гэж байв.
Б.Болд