ОХУ-ын Самара мужид 1999 онд гарсан хүн амины хэргийн эзэн холбогдогчийг тус мужийн цагдаагийнхан 12 жилийн дараа илрүүлжээ. 1999 оны гуравдугаар сарын зургааны өдөр Самара хотоос Уфа орох замын 1193 дахь километрт, шатсан УАЗ-2206 машин олдсон бөгөөд дотор нь байсан эрэгтэй хүний цогцос Монгол улсын иргэнийх гэдэг нь тогтоогджээ. Тухайн үед гэмт хэргийг хэн үйлдсэнийг цагдаагийнхан тогтоож чадаагүй боловч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлсээр байсан аж. Ингээд өнгөрсөн долоо хоногт хэргийн эзнийг илрүүлсэн байна. Гэмт этгээд Ульяновск мужийн иргэн бөгөөд одоо Кемерово мужийн засан хүмүүжүүлэх газар дээрмийн хэргээр ял эдэлж байгаа аж. Байцаалтын явцад уг этгээд тухайн үед Монголын иргэнийг хийн буугаар буудаж муужруулаад машинд нь хүлж улмаар шатаасан гэдгээ мэдүүлсэн байна. Цагдаагийнхан хэрэг болсон үеийн нөхцөл байдлыг бүрэн тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.