
Энэ цаг мөчид хүмүүс тарьсан ногоо, зэрлэг жимс зэргээс харшил авах нь элбэг бөгөөд үүнийг мэргэжлийн үүднээс ургамлын тоосны харшил хэмээн онцолдог байна. Самар түүх, хадлан тариалан, амралт зугаалгаар хээр унтаад босоход нүд улайх, биеийн аль нэг хэсгийн арьс загатнах, хамраас шингэн ус гоожих, хамар битүүрч найтаах зэрэг шинж тэмдэг илэрвэл харшлын эмчид хандах хэрэгтэйг сануулсан. Харшлыг ханиад мэт ойлгож болохгүй нь. Учир нь манайхны хувьд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд ханиад хэмээн дур мэдэн янз бүрийн эм, тариаг хэрэглэдгээс өвчнөө улам ч сэдрээдэг сөрөг зуршилтай аж. Тиймээс нэн түрүүнд харшлын эмчид хандахыг зөвлөж байна. Тэр бүү хэл, зарим тохиолдолд ханиаж, амьсгал бачуурч, цээж шуугих нь бий гэнэ. Мөн чихэн дотор болон хоолойн залгиурт хүртэл загатнаа үүсдэг гэсэн. Харшилтай бол халуун ногоо бүү хэрэглэ. Хамар битүүрэх байдал удаан үргэлжлэхэд хүчилтөрөгчийн дутагдал илэрч, толгой өвдөх, ядрах, нойр муудах, уур уцаартай болох, хэл ам хатах, хөлрөх, зүрх дэлсэх, хөдөлмөрийн чадвар буурах зэрэг тоосны хордлогын шинж илэрдэг байна. Ургамлын тоосны харшилтай эсэх нь тогтоогдсон тохиолдолд халуун ногоо, хоол амтлагч, гүзээлзгэнэ, нимбэг, жүрж, чацаргана зэрэг харшил ихээр өгдөг жимс мөн самар, жимсний чанамал, дарс, өнгөтэй жүүс, ундаанаас татгалзах хэрэгтэй. Мөн амьдрах орчиндоо аквариумтай загас, таримал цэцэг, тэжээвэр амьтдыг бүү байлга. Тоос шороог нь цэвэрлэх нүсэр овор хэмжээ ихтэй тавилга, ил задгай ном, сонин хураах, хана, шаландаа хивс дэлгэж, ангийн арьс өлгөж хадах нь харшил үүсгэх бас нэгэн шалтгаан болдог байна. Түүнчлэн элдэв цацагч бодисууд, ургамлаас гаргаж авсан үнэртэй ус, саван зэргийг хэрэглэхээс зайлсхий. Ургамлын найрлагатай эм бэлдмэл хэрэглэхгүй байх нь чухал юм. Хэрвээ шарилжнаас харшилтай бол царванг хэрэглэж болохгүй юм байна шүү. Ургамал тоосоо үүрээр гөвдөг тул цонхоо хаагаарай. Зуны улиралд өрөө, тасалгааныхаа цонхыг шөнөдөө нээж үүрээр хаах хэрэгтэй юм. Учир нь ихэнх ургамал үүрээр тоосоо гөвдөг байна. Хүмүүс өдрийн ихэнх цагаа гэр орон, ажлын байрандаа өнгөрөөдөг. Тэгвэл ойр орчиндоо ургадаг шарилж, луулийг цэцэглэхээс нь өмнө тайрах эсвэл үндсээр нь устгаж хаях хэрэгтэй юм. Өрөө тасалгаандаа байнга чийгтэй цэвэрлэгээ хийх нь ургамлын тоосны харшлаас сэргийлдэг байна. Өвөл хүйтрэхээс сэргийлж дулаалга хийхийн өмнө ургамлын тоос, шороо тогтож үлдсэн цонх, хаалга, хана, тавилгыг сайтар, угааж цэвэрлээрэй. Хэрэв зуны улирал эхэлмэгц, анх удаа харшил авсан гэдэг шинж тэмдэг илэрвэл ургамал хагдарч гүйцэх үе буюу аравдугаар сард сорил тавиулж ямар ургамлаас харшил авснаа мэдэж эмчийн хяналтад орж зөвлөгөө авах шаардлагатай гэнэ. Харин хүүхдээ ямар зүйлээс шалтгаалан харшилж байгааг мэдсэн бол цаашдаа ажил мэргэжлээ сонгоход нь анхаарах хэрэгтэй юм.
Сэтгэгдэл (2)