Өнгөрсөн сард Цөмийн энергийн газар, гаалийн ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар хамтран гаалийн хяналтын бүсүүдээр орж ирж буй Япон авто машинуудад цацрагийн хяналт шалгалт хийсэн билээ.
11-дүгээр сарын 19-нээс эхэлсэн тус шалгалтанд 3871 машин хамрагдсан бөгөөд тэдгээрийн 20-оос нь 100 бөөм/ мин, см кв цацрагийн бохирдол илэрсэн байна. Энэ тоо нь стандартад заасан хэмжээтэй харьцуулахад бага үзүүлэлт юм байна.
100 бөөм/мин,см кв нь хэдийгээр бага үзүүлэлт ч гэсэн иргэдийн эрүүл мэнд цаашлаад үр удамд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэнэ. Цацрагийн бохирдолыг дотоод, гадаад гэж ангилдаг бөгөөд цацрагийн өндөр шарлагад өртсөн хүний цусны бөөм гэмтэж, элэг, бамбай булчирхай нь өвчилж цаашлаад эд эс нь гэмтдэг байна. Тиймээс цацрагийн бохирдолтой автомашиныг энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн улсын хилээр оруулахгүй байхыг цацрагийн хяналтын газраас иргэдэд анхааруулсан. Анхааруулга гарсан өдрөөс хойш бохирдолтой машин огт орж ирээгүй байна. Хяналт шалгалтаар цацрагийн бохирдол илэрсэн 20 машины бохирдолыг ОБЕГ-ын аврах ангийхан цөмийн энергийн газрын хяналт дор цэвэрлэсэн байна. Бохирдол цэвэрлэх нь хүнд, хортой ажил учраас цаашид тэр бүр цэвэрлэгээ хийх боломжгүй болжээ. Цацраг идэвхжлийг цэвэрлэх, идэвхгүйжүүлэх олон арга байдаг бөгөөд ямар төрлийн изотопоор яаж бохирдсоноос хамаарч цэвэрлэх аргууд нь харилцан адилгүй байдаг байна. Цацрагийн бохирдол илэрсэн автомашинуудын хувьд цацраг идэвхт цези-137, цези-134 изотопуудаар зарим эд анги, гадаргуу нь бохирдсон байж. Тиймээс цаашид цацрагийн бохирдолтой автомашин оруулсан иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын автомашиныг өөрсдийнх нь зардлаар буцааж гаргахаар болжээ. Японы машин экспортлодог компаниуд нь гадагш нь гаргаж буй машинууддаа цацрагийн бохирдолын хэмжилт хийж, гэрчилгээ өгдөг байна. Тиймээс үр ашиггүй зарлага гаргахгүйн тулд цацрагийн гэрчилгээгээ авч ирэхийг цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын газрынхан машины худалдаа эрхлэгчдэд хандан хэлж байна.
Япон улсын стандартаар зөвшөөрөгдсөн цацрагийн хэмжээ нь 0,3мк3в/цаг юм байна. Энэ хэмжээгээр зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй машин бол манай улсын хилээр асуудалгүй орж ирнэ. Монгол улсын хууль тогтоомжид МNS 5030:2006 гэсэн стандартыг мөрддөг. Тиймээс дээрх стандартын дагуу цацрагийн хамгаалалттай, гэрчилгээтэй автомашиныг импортлох хэрэгтэй гэнэ.
Мөн Япон улсаас
2011 оны 05 дугаар сараас хойш ачигдаж, импортлосон автомашиныг худалдан авсан
иргэд өөрсдийн хүсэлтээр цацрагийн хяналт, хэмжилтийг цацрагийн хяналтын
газраар үнэ төлбөргүй хийлгэж болох боломжтой ажээ.
Т.Хулан