Өнөөдөр “Монголын Эмнести интернэшнл” байгууллагынхан мэдээлэл хийлээ. Тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Р.Янжмаа “Монголд цаазаар авах ялын эцсийн баримт бичигт төрийн тэргүүн гарын үсэг зурж гүйцэтгэдэг парадокс байна. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчөө “алуурчин” болгочихдог” гэсэн юм. Гэтэл олон улсад ийм үзэгдэл бага байдаг аж. Шүүх эрх мэдэлд эцсийн шийдвэрийг оноож, хуульд зааснаараа хэргийг шийдвэрлэдэг байна. Энэ сарын 10-нд болох Хүний эрхийн өдрийг угтаж Азийн бүсийн хэд хэдэн оронд яг энэ цаг мөчид хэвлэлийн бага хурал зарлаж, цаазын ялын асуудлыг хөнджээ. Монголд өнөөдөр цаазын ялын байдал ямар байгааг энэ хурлаар голлон ярьсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноос хойш цаазын ялыг огт гүйцэтгээгүй байгаа аж. Гэвч энэ хугацаанд 26 хүн цаазын ялын тогтоол уншуулсан байна.
Б.Ганбилэг