Таван сартай жирэмсэн, нэг настай эмэгтэй сураггүй алга болсон тухай Төв аймгийн Баянцогт суманд оршин суух малчин Ц.Буяндэлгэр манай сайтад хандсан билээ. Тэрээр таван сартай жирэмсэн эмэгтэй алга болоод найман сар болчихоод байхад цагдаагийн байгууллага үл ойшоож байгаад харамсч байна хэмээн хэлж байсан. Мөн “Би өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Едөгийн голын уурхайд ажиллаж байсан. Надтай хамт Д.Мөнхдөл хэмээх таван сартай жирэмсэн охин ажиллаж байсан юм. Бид хоёр хамтран амьдрагч байсан. Д.Мөнхдөл маань бас нэг хүүтэй. Хүү нь одоо 12.31-нд хоёр ой хүрнэ. Тэгээд нэг өдөр бид хоёр жаахан маргалдсан юм. Гэтэл дарга Б.Төмөрбаатар түүнийг хүргэж өгнө гээд авч явснаас хойш өнөөг хэр сураггүй байна. Б.Төмөрбаатартай холбогдохоор хүргээд өгчихсөн. Тиймээс чи битгий хэрүүл хийгээд бай гэх юм. Гэвч охины гэрийнхэн надаас охиноо нэхээд байна. Бас Б.Төмөрбаатар гуай 40000 төгрөг өгч түүний гэдсэн дэх хүүхдийг авахуулсан байгаа. Уг нь миний хүүхэд шүү дээ. Алга болсон өдөр нь аймгийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тэмдэглүүлсэн. Гэтэл шалгасан үгүй нь мэдэгдэхгүй хэрэг хаагдчихсан байна. Ямар үндэслэлээр хаагдсаныг би өөрөө ч мэдэхгүй байна” хэмээн ярьсан юм.
Тиймээс хэргийн талаар Б.Төмөрбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
Б.Төмөрбаатар: Аль таван сард шалгагдаад хаагдчихсан хэрэг
-Таныг таван сартай жирэмсэн эмэгтэйг авч яваад сураггүй болгосон гэх юм? -Энэ хэрэг аль таван сард цагдаагийн байгууллагаар шалгагдаад хаагдчихсан. Би энэ хэрэгт ямарч холбоогүй. Тэр охиныг манай компанийн нягтлан, менежер хоёр гэрт хүргэж өгч, гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байгаа.
-Гэтэл охины гэр бүлийнхэн охиноо Ц.Буяндэлгэрээс нэхээд байна хэмээн Ц.Буяндэлгэр гуай хэлсэн?
-Тэрийг ёстой мэдэхгүй. Ц.Буяндэлгэр гуай өөрөө охиныг зодсоор байгаад бүр хамаг цалинг нь аваад охиныг хаяад явсан шүү дээ. Тэгээд манай байгууллагын зүгээс ч тэр охиныг зүгээр тэжээгээд байж чадахгүй учраас гэрт нь хүргэж өгсөн юм. Иргэний үүрэг гүйцэтгэснийхээ төлөө ийм зүйл болно гэж мэдсэнгүй. -Бас охиныг таван сартай жирэмсэн байхад нь таныг хүүхдийг нь авахуулсан гэсэн?
-Би юу гэж хүний хүүхэд авахуулаад явж байх вэ дээ. Гэр нь Налайх дүүрэгт байдаг юм байна лээ. Тэгээд пасспортынх нь хаягаар дүүргийн цагдаагийн хэлтэст өгөөд, гэрт нь хүлээлгэж өгсөн байгаа.
-Түүнээс хойш холбоо барьсан уу?
-Үгүй. Тэр охинтой холбоо барих шаардлага ч байхгүй. Манайд ажиллаж байсан нь үнэн. Тэгээд хамтран амьдрагч Ц.Буяндэлгэр гэх хүндээ зодуулаад хаягдсан. Тиймээс манай байгууллага хүргэж өгсөн. Холбоо барих шаардлагагүй.
-Охин ямар ажил хийж байсан юм бэ?
-Туслах тогооч хийж байсан.
Б.Чимэг