Манай улс уул уурхайн салбараа түшиглэн хөгжих гэж буйтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын орчин хэр зэрэг таатай байгаа талаар шинжээчдийн байр суурийг харуулсан "Монголд хөрөнгө оруулахад тулгарах улс төрийн гол эрсдэлүүд" нийтлэлийг "Ройтерс" агентлаг улирал тутам шинэчлэн нийтэлдэг. Энэ удаагийнхыг хөрвүүлэн хүргэж байна.
Газрын хөрсөн дороо асар их баялагтай Монгол улс ирэх арван жилд дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй, өндөр хөгжилтэй орнуудын эгнээнд нэгдэх их замын гараан дээрээ ирээд байгаа билээ. Тэдний өмнө сайн, муу олон зам бий. Саудын Араб, Австрали, Чили шиг өндөр хөгжилд хүрэх, эсвэл Нигери, Зимбабе шиг үгүйрэн хоосрох гээд. Тиймээс гараанаас зөв гарах шийдвэрлэх мөч тулгараад байна. Үүнд, ялангуяа Монгол шиг дэд бүтэц хангалттай төвшинд хөгжөөгүй, буурай эдийн засагтай, уул уурхайн салбарыг анхлан хөгжүүлэх гэж буй оронд гадаадын хөрөнгө оруулагчдын дэмжлэг туслалцаа, туршлага, техник технологи хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн таатай орчин, улс төрийн тогтвортой, тодорхой байдал нэн тэргүүний чухал асуудал. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ асуудал дээр Монголыг харьцангуй дээгүүр төвшинд үнэлдэг. Гэвч ирэх оны зургадугаар сард болох парламентын сонгуультай холбоотой улс төрийн тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг төрүүлсэн хэвээр байна.
Ялангуяа өнгөрсөн намар “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудал босч ирсэн нь санаа зовних нэг ноцтой шалтгаан болсон. Тиймээс хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газар Орос, Хятад гэсэн хоёр том хөрш болон ард түмнийхээ шахалт шаардлагыг зохицуулахын зэрэгцээ хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлж чадах эсэхийг тодорхой мэдэхийг хүсч, анхааралтай ажиглаж байгаа юм. Монголын улс төрд гарч болох эрсдэлүүдийг дараах байдлаар тоймлолоо.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УЛС ТӨР
“Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас ердөө хоёр жилийн дараа өөрчлөлт оруулах талаар асуудал босч эхэлсэн нь гадны хөрөнгө оруулагчдын санааг зовоож, ихээхэн эргэлзэхэд хүргэсэн. Монголын Засгийн газар 2008 оны сонгуулийн их хэмжээний бэлэн мөнгөний амлалтаа биелүүлж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд ихээхэн дарамт дор байгаа. Зарим улс төрч нь “Оюу толгой”-н гэрээний асуудлаас болж Ерөнхий сайдаа хүртэл огцрохыг шаардсан. “Оюу толгой” дээр үүссэн энэ асуудал өөр нэг томоохон орд болох “Таван толгой”-н ирээдүйд сүүдэр тусгаж болзошгүй. “Таван толгой”-г ирэх онд дэлхийн зах зээлд гаргаж, IРО хийхээр төлөвлөөд байсан ч стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт хэзээ, хэрхэх нь тодорхойгүй байна. Хөрөнгө оруулагчид он дуусахаас өмнө асуудал нэг тийшээ болно байх гэсэн хүлээлттэй байгаа аж. Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой" компанийн зүгээс Лондон, Хонгконг, Улаанбаатарын бирж дээр IРО хийнэ хэмээн мэдэгдсэн ч дээрх сонгон шалгаруулалтаас болоод хугацаа нь одоо хэр тодорхойгүй л байна. Одоо Монголын УИХ болон Засгийн газар УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, шүүх тогтолцоондоо шинэчлэл хийх, “Таван толгой”-н хөрөнгө оруулагчийг шалгаруулах гээд тун завгүй ажиллаж байгаа учир үлдсэн богино хугацаанд энэ бүхнийг амжуулж чадах эсэхэд олон хүн санаа зовниж эргэлзэж байна.
Хөрөнгө оруулагчид юуг анхааралтай ажиглах вэ
-Парламентаар орж буй шинэ хуулиудад ахиц гарч байгаа эсэх
-Засгийн газар “Таван толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээгээ цаг хугацаанд нь, гадны хамтрагчдынхаа санаанд нийцэж, ард түмнээ сэтгэл хангалуун үлдээхүйц хийж чадах эсэх.
-Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтын урсгал хэр их байгаа. Өнгөрсөн арван нэгдүгээр сард л гэхэд олон улсын түүхий эдийн худалдааны "Trafigura" компани Монголын нүүрс, төмрийн хүдрийг экспортлохоор Хятадын "Origo Partners"-тай хамтарсан компани байгуулсан.
-Монголын Засгийн газрын ил тод бус байдал гадны хөрөнгө оруулагчдад саад, чирэгдэл учруулж байгаа эсэх.
БАЯЛГИЙН ХАРААЛ
Монголын эдийн засгийн дан ганц уул уурхайгаас хараат байдал өөр нэгэн санаа зовоосон асуудал болж байгаагийн дээр инфляц, хүүгийн хэмжээ өсч байгаагаар "Голланд өвчин"-ий шинж тэмдэг хэдийнэ илэрч эхэлжээ. Эрх баригчид нь уул уурхайгаас орж ирэх баялгийг хэрхэн хуваарилах вэ гэсэн хэцүүхэн сорилттой тулгараад байгаа. Дээр нь, ард иргэддээ сонгуулиар амласан мөнгөө тараахын тулд “Оюу толгой”, “Тавантолгой”-н аль альнаас урьдчилаад төлбөр авчихсан байгаа.
Хөрөнгө оруулагчид юуг анхааралтай ажиглах вэ
-Монголын Засгийн газар уул уурхайн төслүүдээс орж ирж буй мөнгийг хэрхэн зарцуулж байна. Тус улс төсвийн тогтворжуулалтын сан байгуулсан нь авууштай ч ард иргэддээ бэлэн мөнгө хавтгайруулан амласан нь сайшаахаар зүйл биш.
-Эдийн засгийн хурдтай өсөлт, инфляц, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв зүйтэй зохицуулж, эдийн засгаа бодитой өсгөж чадаж байгаа эсэх. Өнгөрсөн арван нэгдүгээр сард Олон улсын валютын сангаас Монголын эдийн засгийн хэт тэлэлттэй бодлого инфляцын дарамт үүсгэж байна хэмээн анхааруулсан.
ХҮЧИРХЭГ НӨЛӨӨ БҮХИЙ ХӨРШҮҮД
Монголын 2.7 сая иргэний олонхи нь Хятад, Оросын нөлөө нэмэгдэж байна гэж санаа зовниж байгаа. “Таван толгой”-н баруун хэсэгт хөрөнгө оруулах эрхийг Хятад, Оросын талд давуу байдалтайгаар олгосон нь энэ айдсыг улам нэмэгдүүлсэн. Хятадын хувьд энэ оны эхний хагасын байдлаар Монголын экспортын 90 хувийг худалдан авагч болсноороо хэдийнэ ноёлж эхэлсэн. Монгол Улс түлш, эрчим хүч, тээвэрлэлт зэргээр Орос, Хятадаас илүү хараат болж байгаа нь уул уурхайн салбарын томоохон эрсдэл юм. Оросын хувьд дургүй нь хүрвэл крантаа хаагаад нийлүүлэлтээ тасалчихдагаараа алдартай. Дээр нь Япон, Өмнөд Солонгос руу нүүрс гаргахын тулд Оросын төмөр замаас хараат байна.
Хөрөнгө оруулагчид юуг анхааралтай ажиглах вэ
-Хоёр хөршөөсөө хараат байдлаа багасгах тал дээр арга хэмжээ авч байгаа эсэх. Ойрын хугацаанд Монголын нүүрс болон бусад ашигт малтмалын гол зах зээл нь зөвхөн Хятад байна уу. Өөр сонголт хувилбар байна уу.
-Гадаадын хөрөнгө оруулагчид, компаниуд, ажилчдын үүрэг оролцоонд эгдүүцэх, буруу зөвөөр ойлгох ард түмнийхээ хандлагыг эерүүлэх тал дээр Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгааг.