“Standard & Poor’s” үнэлгээний агентлаг ХБНГУ, Францын одоогийн ААА зээлжих зэрэглэлийг нь бууруулах тухайгаа мэдээллээ. Мөн Евро бүсийн 13 орныхыг бууруулж магадгүй гэнэ. Токио хот дахь “Сhuo Mitsui Asset Management” компанийн ерөнхий менежер Наотэрү Тэраока “Зах зээл хэтэрхий тогтворгүй, яг л савлуур шиг байна” гэж ярьжээ. Өчигдөр Японы Nikkei индекс 1.4, Хонконгийн Наng Seng индекс 1.3, БНСУ-ын Kospi индекс нэг хувиар буурлаа. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох Японы “Toyota Motor” корпорацийн хувьцаа гэхэд 2.1 хувиар багассан байна. Шанхай дахь “Zheshang Securities” компанийн стратегич Ван Вэйжун “Эдийн засгийн уналт ирэх онд ч үргэлжилж магадгүй. Европын эдийн засагт тодорхойгүй зүйл олон байна. Өрийн хямрал даамжрах тусам Хятадад халуун мөнгөний урсгал орж ирсээр байх төлөвтэй” гэж ярьжээ. АНУ-ын болон Европоос үүдэлтэй эдийн засгийн хямрал, үнэт цаасны ханшийн уналтаас болж Азийн орнуудад ихээхэн эрсдэлтэй нүүр тулж байгааг АХБ-наас анхааруулсан байна. S&P-ийн зүгээс энэ сарын 9-нд болох Европын холбооны удирдлагуудын уулзалтын үр дүнгээс хамаарч Евро бүсийн зургаан орны ААА зээлжих зэрэглэлийг бууруулах эсэхээ шийдэх аж.